Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Их хурал тогтоол гаргасны дагуу гишүүд тандалдан судалгааны ажлын хүрээнд иргэдээс санал сонссон. Бэлэн төсөл байхгүй учраас санал солилцсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн асуудлыг төрийн түвшинд хөндөнө гэдэг их эмзэг асуудал.
Намуудын тунхаг бичиг зөв зүйл. Хүний эрхийг хамгаалах, Засгийн газар, УИХ-ын зохистой уялдаа, төрийн сүлдийг шинэчлэх зэргээс гажихгүй гэсэн үг. Би бичгээр 368 хүнээс бичгээр санал авсан. Үүнээс 60 хувь нь дэмжихгүй, 40 орчим хувь нь дэмжиж байна.
Тухайлбал, сүлдний асуудлыг УИХ-ын гишүүн би санаачлаад, зүтгүүлээд байгаа зүйл байхгүй. Иргэдэд баяр суурийн олон асуудал байна лээ. Үндсэн хуулийн асуудлаар дугарч буй хүн бүр буруу яриагүй, зөв ярьж байна. Хууль тогтоогч хүмүүс ахуй амьдрал мэдэхгүй биш, илүү их мэдэрч байгаа гэж хэлж болно. Хуйвалдаад, муйхарлаад шийдэх гэж байгаа зүйл байхгүй. Манай бүлгийн байр суурь бол гишүүдийн санал нэгдсэн нөхцөлд ажил явагдах ёстой. Мэдээж иргэдийн санал бодлыг сонсож байна. Энэ асуудлыг хүч гаргаад шийдчих асуудал биш.
Мөн энэ долоодугаар сард хүмүүсийн санаа бодол улс төр рүү орох биш, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтийн асуудалд санаа зовж байна. Үүнд бид ч санаа зовж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал наймдугаар сараас хойшоо явж байж бодитой болох байх. Өнөөдрийн байдлаар боловсруулсан төсөл огт байхгүй. Хүмүүс амраад явсан хойгуур үндсэн хуулийн асуудлыг яриад, шуураад өнгөрөх зүйл байхгүй” гэв.
Д.Батчулуун