УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асууж, үг хэллээ. Тэрбээр “Нэгэнт хүсний хангамж, аюулгүй байдлын тогтоол гаргаж байгаа бол хавсралт заавал гаргах хэрэгтэй. Шалгуур, хэмжих нэгжтэй болбол хөтөлбөр хэрэгжсэнээр таван жилийн дараа ямар үр дүнд хүрэх, гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн ямар хэмжээтэй болох зэрэг нь тодорхой болно. Хүрэх түвшин, зорилтоо тодорхойлсон үзүүлэлтээ танилцуулахыг хүсч байна. Мөн хоёрдугаарт, хэт жижиг асуудлыг тогтоолын төсөлд оруулсан санагдаж байна. Загвар хоршоо гээд гурван хоршоо байгуулсан байна. Энэ мэт жижиг зүйлсийг оруулах хэрэггүй болов уу гэж бодож байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүний яриад байгаа асуудал ч тодорхой тусгаагүй байна. Одоо тэгвэл жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар хэрхэн ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт тусгаж өгөх нь зүйтэй баймаар юм” гэв.
Д.Батчулуун