Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар ХХААХҮ-Ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол улсад Мах махан бүтээгдэхүүнийг боловсруулах тусгайлсан стандартууд бий. Гэхдээ хаягдсан маш олон стандартууд байгаа. Үүнийг нэгдсэн байдлаар зохицуулж өгсөн нэгдсэн зохицуулалтыг гаргаж байна.
Цаашид нийтийн хоол, сургууль цэцэрлэгийн хоол зэрэг Монгол хүний хэрэглэх ёстой хүнсний бүтээгдэхүүн бүгд гарал үүсэлтэй, эрүүл ахуйн баталгаатай байна. Задгай худалдаа хүртэл байхгүй болж байгаа. Тиймээс энэ бол маш том стандарт. Үүнийг 2023 он нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлнэ.
Мөн БНХАУ руу дулааны аргаар мах экспортлох эрх бүхий 15 ААН бий. Үүний 11 гадаадын хөрөнгө оруулалттай, дөрөв нь дотоодын ААН-үүд юм. Бид хөрөнгө оруулалтын эзэн хэн байхаас илүүтэй, Монгол улсын шаардлага, хүнсний аюулгүй байдал , хууль тогтоомжийг мөрдөж ажиллаж ёстой гэж үзэж байна. Засгийн газар эрүүл ахуйн стандартын энэхүү байр суурь дээрээ хатуу байх болно” гэв.
Д.Батчулуун