Монгол Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх хоёрдугаар сард тохиож байна. Хоёр улсын зүгээс энэ ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр зорьсон бөгөөд өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгаа тухай Гадаад харилцааны яам болон Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Кобаяши нар мэдээлэл хийлээ. Энэ оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан ба үүний хүрээнд дараах ажлыг төлөвлөжээ. Үүнд “Гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, ном бүтээх, хувийн хэвшлийг холбоход чиглэсэн бизнес форум уулзалтыг зохион байгуулах, хоёр орны соёлын харилцааг хамтран сурталчлах арга хэмжээг бэлтгэсэн ба нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм. Хоёр улсын хамтын ажиллагаанд гар бие оролцсон иргэд болон төрийн зүтгэлтэн дипломатуудын тухай “Дурсамж” цуврал нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр “UBS” телевизээр олны хүртээл болно” хэмээн Гадаад харилцааны яамны дэд сайд Б.Мөнхжин онцоллоо.
Т.Мөнхжаргал