
М.Энхсайханы Засгийн газар: 1996 оны УИХ-ын сонгуулиар “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвсэл 50, МАХН 25, МУНН нэг суудал авч Ардчилсан холбоо эвсэл анх удаа дангаараа Засгийн газраа байгуулав. Засгийн газрын тэргүүнээр МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Энхсайхан сонгогдож, бүрэлдэхүүнд нь сонгуульд эвсэл болон орж ялалт байгуулсан МҮАН, МСДН-ын төлөөлөл 50:50 харьцаатай орсон. Гэвч энэ Засгийн газар 2008 оны дөрөвдүгээр сард огцорсон. Шалтгаан нь, “МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо” эвслийн дарга нь Ерөнхий сайд байх нь зүйтэй гэж ардчилсан хүчнийхэн өөрсдөө үзэж улс төрийн шийдвэр гарсантай холбоотой.
Ц.Элбэгдоржийн Засгийн газар: М.Энхсайханы дараагаар МҮАН-ын тэргүүн Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдов. Энэ Засгийн газар яг гурван сарын настай байв. УИХ дахь олонх, цөөнхийн бүлэг банкны асуудлаар санал зөрөлдөж чуулганы хуралдааныг нэг сар дөрвөн хоног гацаасны эцэст нууцаар санал хурааж, УИХ-д 50 суудалтай олонхийн бүлгийн зарим гишүүн сөрөг хүчинтэйгээ нийлж өөрийн Засгийн газар буюу Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулав.
Ж.Наранцацралтын Засгийн газар: Ардчилсан холбоо эвслийн удирдлагууд шинэ Ерөнхий сайдад МҮАН-ын дэд тэргүүн Да.Ганболдыг санал болгосон ч Ерөнхийлөгч Н.Багабанди “Да.Ганболд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд банкны асуудлуудыг хуулийн дагуу хяналт тавьж таслан зогсоох, засч залруулах арга хэмжээ аваагүй учир түүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулах боломжгүй” хэмээн долоон удаа буцаасан. Бараг таван сарын дараа УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдов. Гэвч энэ Засгийн газар тийм ч удаан настай байсангүй. Ердөө найман сар хүрэхгүй хугацааны дараа УИХ Ерөнхий сайд Ж.Наранцацралтын асуудлыг авч хэлэлцэн түүнийг ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд явуулсан захидалдаа буруу байр суурь илэрхийлсэн хэмээн үзэж огцруулсан юм.
Энэ бүхний эцэст өнөөгийн УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын Засгийн газрын тэргүүнээр сонгогдож байлаа. 1999 оны долдугаар сард Ерөнхий сайд болов. Ийнхүү Ардчилсан холбоо эвсэл бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд дөрвөн ч Засгийн газрын нүүр үзсэн юм. Энэ нь шинэ тутам байгуулагдсан Ардчилсан хүчин нэг цул болж нэгдэж чадаагүй, дотоодын зөрчил тэмцэл, төлөвшил зэргээс гадна сөрөг хүчний үйл ажиллагаа хүчтэй нөлөөлсөн гэж болно. Сонгуулийн үр дүнгээр 16 жилийн дараа ардчилал олонхи болоогүй ч олон болж, Засгийн эрхийг атгаж чадсан. Харамсалтай нь, Н.Алтанхуягийн шог хуваарилалт үргэлж, хэл ам хэрүүл шуугиантай байдаг АН-ынхны дунд бөмбөг дэлбэлж, түүх давтагдах нөхцөлийг бүрдүүллээ. Парламентын тогоонд олон жил чанагдсан, туршлагатай улс төрчдийн нэг түүнийг эрх ашгийн гадна үлдээсэн нь ийнхүү “гай” даллаж эхэллээ. Р.Амаржаргал шинэхэн парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад л тарах богинохон настай байж мэдэх талаар “мялаалга”-ын үг урсгасан бол Н.Алтанхуягийн Засгийн газрын өнгө болоод хэр урт наслахыг нь тодорхойлсон 15 зүйл бүхий зөвлөмж гаргав. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн дотор мөн тооны засаг солигдож мэдэх нигууртайг зөгнөөд эхэлсэн хэрэг. Тиймдээ ч намынхаа төлөвлөгөөг нийтэд ил болгох зорилгоор УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй болгоно” гэж байсан мэдэгдэл юу болов, Засгийн газрыг “гаднаас” бүрдүүлэх тухай асуудал замхарч буй улстөр, Орон нутгийн сонгуулийн хуулийг баталсны дараа МАН-ын бүлэг байгуулахыг “зөвшөөрөх” нь, Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын мэдлээс гарган чиглэлийн сайдын мэдэлд шил¬жүүл¬сэн” гэх мэт асууд¬лыг хөндөж, Н.Алтанхуягийн ам, ажлын зөрүүг илтгэж эхлэв.
Мөн тэрбээр саяхан хямралд буруугаа чихээд хариуцлагаас мултардаг албан тушаалтны жишгийг АН-д даган мөрдөх гэж буйг шууд утгаар нь илэрхийлсэн байсан. Мөн төрийн алба төрлийн алба болсныг шүүмжилсэн нь шинэчлэлийн Засгийн газрын “амь настай” холбоотой. Тодруулбал, “Одоо ч бас амлалтаасаа ухарч, хаа сайгүй хууль зөрчин, төрийн албыг “төрлийн” алба болгох аян өрнүүлж, шинэтгэл нэрээр халхавчлан хий хоосон хөөрч, ажил хэргийн мэдлэггүй, асуудлыг шийдэх чадваргүйгээ далдлах, төрийн мөнгө, сан хөмрөгөөр тоглож, үүнийхээ бүх бурууг хямрал гэгч эзэн биегүй “хий үзэгдэл” рүү чихэх мэдэхээр дүр зураг харагдаж байна. “Хямрал айсуй”, “Энэ удаад бүр хүчтэй давлагаа ирж мэднэ” гэх мэт зохиомол айдас, хүлээлт үүсгэн олон нийтийн сэтгэл санааг төөрөгдүүлэх ажиллагааг зохион байгуулж сурсан улстөрчид өнөөдөр төр, засгийн өмнө үүрэг хүлээж, эрх мэдлийг эзэгнэчихээд байна” гэжээ. Нийтийн сэтгэл санааг төөрөгдүүлж сурсан улстөрчид нь АН. Мэдээж, эрх мэдлийг эзэгнэсэн гэж тодотгож байгаа нь шууд утгаар нь хэлж байгаагаас өөрцгүй. Энэ бол Р.Амаржаргалын сэтгэлийн үг бөгөөд Н.Алтанхуягт анхааруулсан түүний дохио.
МҮДН бол АН доторх хүчтэй фракциудын нэг. Р.Амаржаргал ч фракцийн томоохон тоглогчдын нэг бөгөөд АН-ын улстөрийн тогоонд чанагдаж, аль хэдийнэ хэнийг ч дагуулахгүй боловсорсон нэгэн. Үг дуу цөөтэй хэрнээ бас ч үгүй хоржин үгтэй тэрбээр сонгуулийн өмнөхөн МҮДН фракци АН-д оршин буйг тодотгож, тэмцлээ өрнүүлсэн. Тэд намын удирдах байгууллага дотроо цөөнх ч “барууны чиглэлийн” улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын баримт бичгийг боловсруулан идэвхтэй ажилладаг гэж ажиглагчид дүгнэдэг. Гэтэл мань хүнийг тойргийн гадна дан дээлтэй үлдээж, өнөөх нь Засгийн газраа гэнэт муулж, бутрахыг “ерөөж” буй нь муу ёрын дохио биш гэж үү.
“Алийн болгон аясыг харж явах вэ хө. 20 жил дуугүй явлаа. Тэсэхээ байсан. Улс төр эдийн засгийн бүх систем яг хотын замын түгжрэл шиг таг зогслоо. Бүх систем гацчихсан. Ардчиллын нэр хүнд төдийгүй, үнэт зүйлсийг ч алдчихжээ. Ер нь нам доторхи фракц гэдэг чинь хагарал биш юм. Том нам фракцтай байх ёстой. Харин фракцийн ахлагч нар нь бүлэглэлд орсон гишүүдээ яг шагай шиг атгаж нэг кноп дээр байлгах ёс суртахуун, сахилгатай байж нам төлөвшдөг” хэмээн нам доторх олон фракциа зөвтгөсөн. Гэхдээ З.Энхболд, Х.Баттулга нарын үйлдэл намын нэр хүндийг нь шавар шавхайтай хутгахаас хэтрээгүй ч тодотгохоо мартаагүй юм. Тодруулбал, “Намын даргаа солих халах асуудлыг З.Энхболд, Х.Баттулга зэрэг хүмүүс дөрвөн жилийн турш тасралтгүй тавьж байсан нь намын даргыг албан тушаалдаа үлдэх тухай л бодохоос өөр зүйл бодох сөхөө өгөөгүй. Дөрвөн жил намын даргаа “нүдсэний” үр дүнд намын даргын нэр хүнд навс унасан. Намын даргын хөдөөгийн тойрог бүрт намын болон намаас нэр дэвшигчдийн рейтинг унасан. Намын даргыг нийслэлийн аль ч дүүрэгт уулзалтан дээрээ аваагүй бөгөөд харин ч ойртуулаагүй тулдаа хэдэн санал авсан. Намын даргын шадар сайдын хувьд хариуцаж байсан иргэний бүртгэлийн асуудал хүртэл туйлын замбраагүй байсан учраас АН, түүнээс нэр дэвшигчид “Царцааны нүүдэлд” автагдан багагүй хохирол хүлээсэн. Нэг иймэрхүү гунигтай дүр төрх” хэмээн бичжээ.
АН-ын хүчтэй лидерүүдийн нэг Р.Амаржаргалыг энэ удаагийн Засгийн газарт багтана хэмээн ажиглагчид төдийгүй улс төрийн “хорхойтнууд” ч бооцоо тавьж байсан. Харамсалтай нь, мань хүн байнд ч үгүй, банзанд ч үгүй үлдсэн юм. Иймд намынхандаа уурсаж, хорслоо тайлж байна хэмээн учирлах нэгэн ч бий. Ямартай ч мань хүн нам байтугай фракци дотроо “үймээн” дэгдээж эхэлсэн гэж хэлж болно. Сонгуулийн дараа МҮДН фракцийн даргаасаа огцорч, оронд нь Ц.Баярсайхан томилогдсон. Түүнийг фракцийн даргаас нь буулгахад “Алтан гадас”, “Шонхор” фракцийнхны хувь нэмэр чамлахааргүй гэдэг. Учир нь “Р.Амаржаргал МҮДН фракциа захирч чадахгүй, “Фортуна” Н.Батбаяр тэргүүтэй нөхдийнхөө амбицийг дарж зүрхлэхгүй байна” хэмээн түүнийг замын эхнээс жийх болсон аж. Тэдний шүүмжлэлийг хүлээн авч, даргын суудлаа өгсөн ч шат ахиулаагүй.
Гэхдээ энэ талаар бусад фракцийнхан нь тайлбарлахдаа Р.Амаржаргалыг Ерөнхий сайд эсвэл УИХ-ын дарга болно гэж “шуналт” хэмээдэг. Иймд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог зарчмаараа явахыг түүнд сануулж, Эдийн засгийн хөгжлийн сайдын суудлыг санал болгосон аж. Гэвч АН бялуугаа хувь хүнд нь бус фракцид хаягласан нь асуудал үүсгэж, дийлддэггүй Н.Батбаяртаа алдчихсан. Харин УИХ-ын дарга болохыг санаархсан ч фракцийнхан нь дэмжлэг үзүүлээгүй гэх юм билээ. Мөн Н.Алтанхуягийн шидсэн яс энэ фракцийнхныг дотроо “зодолдоход” хүргэсэн. Эхэндээ дөрвөн сайдын суудал энэ фракцид сонсогдож байсан ч “шүүс”-гүй яам өглөө гэх шүүмжлэлээс нь болж танагдав. Ямартаа л Н.Батбаяр чуулганы үеэр фракцийнхныхаа картыг сугалж, зугтаасны ачаар чанарыг нь сайжруулж, тоог нь цөөрүүлсэн. Хэдийнэ захиалгаа өгчихсөн байсан Н.Батбаяр хүссэнээ авч, Д.Бат-Эрдэнийг ч мөн тойрогт хамруулж, эцэст нь фракцийн удирдлагаа хоосон үлдээлтэй биш гэсээр хуваарилагдсан сайдын суудал бөглөгдөв. Уг нь С.Ламбааг хүртэл танхимд оруулж ирэхийг хүсэж байсан ч талаар болжээ. Мөн оногдсон байнгын хорооны даргад Б.Гарамгайбаатарыг санал болгосон нь ч асуудал үүсгэхэд хүргэж байлаа. Ямартай ч, МҮДН-ын хүчтэй тоглогчид болох Д.Эрдэнэбат, Н.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нар хоолтой бас давхар дээлтэй болов. Гагцхүү Р.Амаржаргал дан дээлтэй, ганзага хоосон хоцорсон юм. Иймээс л Р.Амаржаргал “хар дэвтэр”-ээ ойр ойрхон сөхөж, ил, далдаар үг дайх болсон гэлцэх. Хамтарсан Засгийн газрын ирээдүйг зөгнөж, “нууцыг” нь дэлгэж эхэлсэн нь 1996 оны түүх рүү алхам алхамаар ойртуулж байж ч мэднэ. Хэрэв түүх давтагдвал Р.Амаржаргалд ч хүрд эргүүлэх боломж гарахыг үгүйсгэх аргагүй. Тэр үед алдсан алдаагаа давтдаггүй зангаараа урт удаан настай Засгийн газар бүрдүүлнэ хэмээн найдаж байж ч болох юм.
Л.НИНЖ
Сэтгэгдэл (16)