Засгийн газрын хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга н.Батзул мэдээлэл хийлээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендер шалгаруулалтыг түргэн шуурхай, хүний оролцоо багатай, ил тод, хариуцлагатай явуулах чиглэлээр хуульд өөрчлөлт орууллаа. Хуулийн голлох дөрвөн чиглэлээр танилцуулга хийсэн. Тухайлбал, тендер шалгаруулалтыг хүний оролцоогүй зохион байгуулдаг болох шаардлагатай байна. Төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчоос дахин авахгүй.
Төр өөрийнхөө мэдээлэл дээр үндэслээд тэндэрийн үнэлгээ хийдэг байхыг дэвшүүлсэн. Энэ талаарх зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Тендерт оролцогч цаашдаа цөөн хэдэн материалыг тендертээ бэлдэх бөгөөд ирүүлээгүй материал болон ач холбогдолгүй материалаар үнэлгээ хийдэг байсныг зогсоож байна. Мөн тендер шалгаруулаттай холбоотой бүх мэдээллийг ил тод болгож, шалгаруулалтыг хурдан шуурхай зохион байгуулдаг болох юм. Нэг тендер шалгаруулалт болоход дунджаар 20 хонох хэмнэхээр хуулийн төсөлд тусгасан. Нөгөө талдаа худалдан авах ажиллагаанд оролцож байгаа этгээдүүдийг хариуцлагатай байлгах зорилгоор хэд хэдэн зохицуулалт оруулсан. Тухайлбал, худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал олгосон нь тогтоогдвол эрүүгийн хууль, зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Мөн тендерийн хуулийг зөрчиж, сонгон шалгаруулалт хийсэн бол ажлаас халах хүртэл шийтгэл ноогдуулах, гэрээгээ хугацаандаа хийдэггүй ААН-ыг үүсгэн байгуулагч, эцсийн эзэмшигчийн хамт хар жагсаалтад бүртгэхийг хуулийн төсөлд тусгасан. Мөн эх оронч худалдан авалтын хүрээнд дотоодын үйлдвэрийн барааг импортын бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахгүй байхыг хуулинд тусгасан” гэлээ.
Д.Батчулуун