Саудын Араб улсад авто, мото спортын “Дакар Ралли-2022” уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 2-14-нд болно. Саудын Араб тус тэмцээнийг гурав дахиа зохион байгуулах эрх авсан нь энэ. Төмөр хүлэгтэн бүрийн хүсэн мөрөөддөг уралдаан бол гарцаагүй “Дакар ралли” юм. Тиймдээ ч авто, мото спортынхон энэ талбарыг “олимп” хэмээн нэрийддэг. Тэгвэл 44 дэх удаагийн “Дакар ралли” уралдаанд Монгол Улсаас гурван тамирчин оролцохоор болжээ. Тодруулбал, мотоциклийн төрөлд Н.Лхамаа, Б.Баттөр нар өрсөлдөх бол SSV төрөлд Г.Аранзал уралдах юм байна. Г.Аранзал нь чиглүүлэгч Г.Тэмүүжин, механикч Б.Баттөрийн хамт баг болон Арабын элсэн цөлд өрсөлдөх юм.
Харин Н.Лхамаа нь Дакарт тав дахиа уралдах бөгөөд өмнө нь 2013, 2014, 2015, 2019 онуудад өрсөлдөж байжээ. Тэрбээр энэ удаа мотоциклийн механикгүй ангилалд уралдах ба Дакарт тав дахиа уралдах анхны монгол тамирчин болно. Энэ уралдаанд барианд орсон тамирчин бүрийг ялагч гэж үздэг.
“Дакар Ралли” үүссэн түүхийг сонирхуулъя. 1977 онд Францын мотоцилийн тамирчин Тиерри Сабине нь Ливи улсад болсон нэгэн ралли уралдаанд оролцох үедээ элсэн цөлд төөрсөн бөгөөд тухай үедээ “Дакар Ралли” уралдаан зохион байгуулах санаагаа олсон гэдэг. “Дакар Ралли” бол зүгээр нэг уралдаан биш. Дээд зэрэглэлийн өндөр ур чадвартай тамирчдын амь насаа золин байж өрсөлддөг талбар юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)