Монголын үндэсний бөхийн холбооны удирдлага, бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнөөс хойш бага хугацаа өнгөрсөн ч олон шинэлэг ажил энэ салбарт өрнөлөө. Жишээ дурдвал, бөхчүүд болон үзэгчдийн таашаан үздэггүй барьц сонгох дүрмийг зоригтойгоор өөрчилсөн нь олны талархлыг хүлээж буй билээ. Мөн монгол бөхийн ертөнцөд ужгирсан допинг гэгч “хар тахал”-тай хатуу тэмцэж байгаа нь өв соёлоо авран авч үлдэх том алхам болсон. Юу болж байгааг энд хэлэх нь илүүц биз. Лав допингтой бөхчүүдийн толгойг илээгүй юмдаг. Цаашлаад маргаантай барилдаан, шүүлтийн асуудалд цэг тавьсан байна. Бөх сонирхогчид анзаараагүй байх.
МҮБХ-ны зургадугаар сарын 12-ны өдөр хуралдсан шийдвэрээр бөхийн барилдааны шүүлтэнд камерын бичлэг ашиглана гэдэг заалт оруулсан юм билээ. Энэ хүрээнд МҮБХ-ноос “SPS” телевизтэй хамтран шүүлтэнд камерын технологи ашигласан нь Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан байв. Энэхүү камерын бичлэг удаашруулагч нь АНУ-д үйлдвэрлэгдсэн 175 сая төгрөгийн үнэтэй техник юм байна. Анхны туршилтаас үзэхэд бөхчүүд хооронд маргаан гараагүй юм. Сайшаамаар ажил болсон байгаа биз. Уншигч та санаж байгаа бол МҮБХ-ны өмнөх удирдлагууд камерын бичлэг ашиглах энэ ажлыг эрс эсэргүйцдэг байсан билээ.
Б.Жаргал