МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжавтай цөөн хором ярилцлаа.
-Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан сайхан боллоо. Барилдаан сайхан боллоо гэж хэлэхийн цаана энэхүү барилдааны өмнө МҮБХ болон УОК-ын хооронд үл ойлголцлол гарсан. Тухайлбал, таныг бөх барилдуулахгүй гэх утгатай зүйлийг УОК-оос гаргасан. Та энэ талаар тайлбар хэлнэ өгнө үү?
-Энэ асуудлыг тодруулж байгаа танд баярлалаа. Барилдааны дараа УОК-ын шуурхай штабын лайвыг бүрэн эхээр нь харлаа. Үнэхээр харамсаж байна. Энэ тухай үнэн бодит мэдээллийг хүмүүст хүргэе. Б.Ууганбаяр хэлэхдээ бөхийн холбоо барилдаан зохион байгуулах бэлтгэлээ хангаагүй учраас миний нэрийг дурдаж өөрөө очиж бөхийн барилдаанаа цуцлая гэсэн санал оруулсан мэтээр Тагнуулын ерөнхий газрын ажилтанаар миний яриаг зориуд бичүүлж аваад дараа нь тэр бичлэгээс хоёр секундын өөрт ашигтай хэсгийг тасдан авч түүнийгээ олон нийтэд шууд лайв хийж үзүүлэхдээ намайг “өөдөөс харж сууж ярьж тохирсон атлаа жудаггүй зан гаргалаа” гэж давхар гүтгэсэн нь төрийн албаны ажилтанд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл болсон. Шадар сайдад буруу мэдээлэл хүргэсэний улмаас С.Амарсайхан сайд өөрийн цахим хуудсаараа миний талаарх ташаа мэдээллийг яаран дамжуулсанд харамсаж байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хүн доод ажилтанаасаа үнэн бодит мэдээлэл авч байж дүгнэлтээ олон түмэнд түгээж байх учиртай, гэтэл Шадар сайд бөхийн холбооны тэргүүн “... бөхийн барилдааны бэлтгэлээ өөрөө хангаагүй тул хойшлуулах санал гаргасан...” гээд худал мэдээлэл гаргасан. Зүй нь миний хэлсэн зүйлийг УОК-ын штабын дарга Б.Ууганбаяр тусгайлан бэлдүүлж хийлгэсэн гэх тэр бичлэгийг ТЕГ-ын ажилтанаас авч бүрэн сонссон бол тэгж гоомой мэдээлэл яаран гаргахгүй байсан л даа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим иргэд лайв хийдэг үзэгдэл ихэд дэлгэрлээ. Үүнийг одоо УОК-ынхон даган дуурайж, үүндээ Төрийн албан тушаалыг урвуулан ашиглаж үндэслэлгүй гүтгэж байгаа нь тун таагүй байна.
-Б.Ууганбаяр хурандаагийн хэлсэнээр “бөхийн холбоо барилдааны бэлтгэл ажлаа хангаагүй” гэснийг тайлбарлахгүй юу?
-Холбооны зүгээс бөхийн барилдааныг 30 жил зохион байгуулж ирсэн, бидний бүрэн чадах үндсэн ажил юм шүү дээ. Харин барилдах бөхчүүд ба үзэгчид вакцины хэдэн тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх эсэх талаарх ямар шийдвэр цаасан дээр байгаа, зарим шийдвэр бодит амьдралд огт авцалдахгүй байгааг би тэр уулзалт дээр хэлсэн. Вакцины гуравдугаар тун, шинжилгээтэй холбоотой асуудал, гаргаж байгаа шийдвэрүүд нь дээр хэлсэнчлэн бодит байдалд хэрэгжүүлэхэд боломжгүй зэрэг асуудлууд нь УОК-ынхонд энэ барилдааныг явуулахад хүндрэл байсан байх.
Иймд надаас тэд эхэлж “барилдааныг цуцалж болох уу” гэж асуусан би “болно...” гэтэл Б.Ууганбаяр, хотын менежер Т.Гантөмөр нар “за баярлалаа” хэмээн хоёул хэлсэн. Энэ талаарх мөн уулзалтын үеийн бичлэг надад бас бий. Би үргэлжлүүлээд ярихдаа “барилдаан цуцлах мэдээллээ оруулахдаа вакцины гуравдугаар тун, шинжилгээтэй холбоотой асуудал нэгдсэн байр сууринд хүрээгүй гэж би ойлголоо, иймд энэ тухай мэдээлэлдээ оруулж бичиж, үзэгч олноос уучлалт гуйна” гэж хэлсэн. Б.Ууганбаяр “хэн нэг рүүгээ бурууг чихээд яах вэ” гэсэн. УОК-оос эргэж буцсан буруу шийдвэр олон гаргадаг. Дараа нь Бөхийн холбоо буруутан нь болдог учир би хэлсэн ёсоороо л мэдээлэл оруулсан. Ингээд уулзалт нь тарах шиг болж, би гарсан. Тэд хоорондоо юу ярилцаж үлдсэнийг мэдэхгүй байна. Удалгүй надруу танихгүй олон дугаараас залгаж, мөн дархан аварга Г.Өсөхбаярт ч тэд дарамт үзүүлсэн бололтой. “Мэдээллээ авчих гээд нөхдүүд яриад байна” гэж хоёр удаа надтай ярьсан. Иймд би утсаа салгасан. Болсон явдал ийм. Хэсэг хугацааны дараа тэд лайв хийж миний яриаг тасдаад олон нийтэд тарааж, маш ажил хэрэгчээр хандан сууж байсныг хараад ой гутан, Бөхийн өргөө дээр ирсэн сэтгүүлчдэд тайлбарыг өгсөн. Манай холбооны мэдээллийн дараахан Шадар сайдын Ажлын албаны дарга Ц.Уртнасан надтай холбогдож “өглөө барилдааныг зохион байгуулах талаар уулзаж шийдвэрлэе” гэсэн. Нэг ч гэсэн төрийн албан хаагч ийм шуурхай хандаж байсан нь харин сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Барилдааны өмнө Б.Ууганбаяр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Мэргэжлийн хяналтын ажилтан н.Алтантуяа, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Болд нарын албан хаагчид Бөхийн өргөөнд ирсэн юм. Тэдэнтэй хамт байсан манай холбооны ажлын албаны хүмүүсийн дэргэд би Б.Ууганбаярт хандаж “чи миний яриаг тасдаж улмаар жудаггүй хандлаа гэх мэтээр худал мэдээлэл олон нийтэд тараасан тул чамайг шүүхэд өгнө” гэж би хэлсэн, үүнийхээ дагуу Б.Ууганбаярыг шүүхэд өгч байгаа. УОК-ын шуурхай штабын уулзалт дээр миний ярианы бичлэгээс Б.Ууганбаяр өөрт ашигтай гэсэн хоёр секундын яриаг тасдан авч зохион байгуулалттайгаар намайг гүтгэн олон нийтэд тараасан. Иймд олон нийтэд зөв мэдээллийг хүргэж, нэр төрөө сэргээх нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн албан хаагч хүн цар тахлыг даван туулах талаарх ажлаа зөв зохион байгуулан ажиллахын оронд иргэн миний яриаг ТЕГ-ын ажилтанаар бичүүлэн аваад дараа нь хэсэгчлэн тасдан, мэдээллийг гуйвуулан тараах ажил хийж, дүр эсгэн сууж байгаа нь үнэхээр харамсалтай. Дахин хэлэхэд би МҮБХ-ны мэдээллийг Шуурхай штабын ажилтануудад хэлж байгаад оруулсан.
-Барилдаан эхлэхийн өмнө УОК-ын Штабын дарга Б.Ууганбаяр Бөхийн өргөө дээр очиж та хоёр гар барьж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр гарсан. Зохицсон гэж ойлгосон?
-Гар барих бол нэг өөр асуудал. Хэн ч хэнтэй гар барьж болох юм. Харин хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдаж, гүтгэлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр тарааж байна гэдэг бол эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг шүү дээ. Ер нь болж байгаа бүх зүйлийг үгүйсгэдэг залуу үеийн хэсэг бий болсон. Тэд ард түмэн, төр засаг, үндэсний өв соёл гээд бүхий л зүйлийг харлуулж байхад шийдвэр гаргагчид сул дорой байдлаасаа болж өв соёлоо хамгаалах биш тэднээс эмээн эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Гурюан сая илүү хүнтэй улс 30 хүн жагсахад л өөрийн өв соёл, бахархал, бусдаас ялгарал болох Баяр наадмаа ч зохион байгуулж чадахгүйд хүрсэн. Би бөхийн холбоог удирдаж байгаагийн хувьд бухимдал байна. Нэгдүгээр сард Цагаан сар, зургадугаар сард наадам болно гэж бэлтгэл ажлыг хангуулж байгаад гэнэт больдог, бид тоглоомын байгууллага биш. Өөрсдөө 3000 хүн цуглуулаад намын хурлыг, бас шоуг бол хийчихдэг. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр болсон АН-ын хурал дээр дурын иргэн гаднаас хурал руу нь ороод лайв хийгээд хоорондоо хэрэлдэж, ноцолдоод орж гарцгааж байна. Тэнд УОК-ынхон байна уу. Гуравдугаар тун шалгаж, бас шинжилгээ авч байна уу. Харин үүнээс 20 дахин бага хүнтэй спортын уралдаан, тэмцээн гэхээр элдэв зүйл шаарддаг. Шаардсан шигээ цар тахлаа хумьсан уу гэвэл үгүй. Урсгалаараа л өвдөөд эдгээд байцгааж байна. Сүүлд өөрсдөө эргэж, гишгэсэн мөрөө харж дүгнэдэг бол тун ч марзан шийдвэр гаргацгааж байсанаа ойлгох биз. Одоо төрийн ихэнх албан хаагчид шат шатандаа дээд дарга нартаа тал засах, зөвхөн албан тушаал, алдар нэр бодон, өнөө маргаашийг аргацааж ажиллаж байгаа учир ковид цар тахал эхэлсэнээс хойш хоёр жилийн хугацаанд эргэж буцсан буруу шийдвэр маш олныг гаргаж байгаад хүмүүс нийтээрээ бухимдаж байна. Иргэд, залуучууд нь хэн нэгний хийрхэл, жагсаал цуглаан, үймээн самууныг л сошилоос үзэж түүнд автаж, дасан зохицож байна. Гэтэл нийгэмд маш их эерэг нөлөө үзүүлэх спорт, урлаг соёлын арга хэмжээг ялгавартай хандаж, зохион байгуулж болохгүй. Бүгдэд ижил тэгш хандах ёстой. Үүнийг л залуучууд эсэргүүцэж жагсан, нөү дабль стандарт буюу монголоор алагчлал, өөрсөддөө бусдаас илүү боломж битгий олго гээд өлсөглөн хүртэл зарлаад байх шиг байна.
-Нэгэнт уулзсаных допинг илэрсэн гэх дөрвөн бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгсөн үү?
-Одоогоор өгөөгүй байна. Мэдэгдлийг өгсөнөөс хойш 10 хоногийн дотор хариугаа өгөх журамтай. Маргааш тэр хугацаа нь дуусна. Гурван бөх шинжилгээний хариугаа авч Допингийн эсрэг үндэсний төвөөс хориглосон ямар эм бэлдмэл илэрсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч байгаа байх. Нэг бөх аваагүй байна. Допингийн шинжилгээ авах, зөрчил гаргасан талаарх мэдээлэл өгөх, В сорьцоо шинжлүүлэх хүсэлт, хариуг зарлах зэрэг процессийг журмын дагуу шийдвэрлэж, холбоо асуудал үүсгэхгүй нягт нямбай хандах хэрэгтэй байгаа.
Сэтгэгдэл (2)