Монгол Бахархалын өдөрт зориулсан улс, аймгийн цолтой хүчит 128 бөхийн манлай нь болж, түрүүлсэн Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын гарьд Өлзийтогтохын Бат-Оршихын сэтгэгдлийг хүргэж байна.
-Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаан бол бөхчүүд болоод бөх сонирхогч олны хувьд хүсэн хүлээсэн цөөн барилдааны нэг. 128 бөхийн манлай нь болж, түрүү бөх болсон танд баяр хүргэе?
-За баярлалаа. Танай сайтыг уншиж буй Монголынхоо зон олонд өвлийн эхэн сарын шинийн нэг (11.5) өдрийн мэндийг хүргэе ээ.
-Сэтгэл сэргээсэн сайхан барилдаан үзүүллээ. Та энэ барилдаанд өмнө нь ямар амжилт үзүүлж байв?
-Долоон жилийн өмнөх энэ барилдаанд анх түрүүлж, их шөвөг, дунд шөвөгт тус бүр нэг удаа шалгарч байлаа.
-Цар тахлаас хойшхи үзэгчтэй анхны барилдаан энэ байлаа. Удаан хугацааны дараа үзэгчтэйгээ эргэн уулзахад ямар мэдрэмж төрөх юм?
-Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна. Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанаас хойш Монгол бөхийн өргөөнд үзэгчтэй барилдаан болоогүй юм. Хоёр жил шахам хугацаа өнгөрчээ. Өчигдөр (11.4-нд) барилдаан болно, нэг бол болохгүй гэдэг эргэлзээтэй байдлаас болсон. Түмэн олонд маань барилдаан болсон нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн байх гэж бодож байна. Барилдаан болохгүй байгаа ч бөхчүүд маань бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаа.
-Удахгүй Улс тунхагласны өдөрт зориулсан бөхийн барилдаан болох бөгөөд бөх шимтэн үзэгч олны бүтэн жил хүлээсэн барилдаан байдаг. Та энэ барилдаанд зодоглох уу?
-Энэ барилдаан болвол би барилдана аа. Энэ дашрамд телевизээр болон Монгол бөхийн өргөөнд хүрэлцэн ирж бөхөө дэмжиж, сэтгэлийн баяр цэнгэл эдэлсэн бөхөд хайртай Монголын ард түмэндээ Эзэн Чингис хааны мэндэлсний ойн баярын мэндийг хүргэе ээ.
Монгол бахархалын өдөрт зориулсан бөхийн барилдаанд түрүүлсэн улсын гарьд Өлзийтогтохын Бат-Оршихын амжилт:
Нэгийн даваанд а.х Х.Танирберген
Хоёрын даваанд а.х Б.Сайнбаяр
Гурвын даваанд а.а Б.Хашбат
Дөрвийн даваанд а.а Э.Сумьяабат
Тавын даваанд у.х Б.Одгэрэл
Зургаагийн даваанд у.ө.и.н Ч.Батчулуун
Долоогийн даваанд у.х О.Хангай нарыг давжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (9)