Монголын үндэсний олимпын хорооноос санаачилсан Олимпын зөвлөлийн удирдах ажилтны өргөтгөсөн зөвлөгөөн өнөөдөр "Olympic house"-т боллоо. Энэ удаагийн өргөтгөсөн зөвлөгөөнд аймаг, дүүргүүдийн Олимпын зөвлөлийн удирдлагууд, дүүргүүдийн БТСХ-ны дарга нар, биеийн тамирын дээд сургуулиудын захирлууд болон БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцов. Зөвлөгөөний үеэр Олимпизм ба олимпын боловсрол: удирдлага, зохион байгуулалт, шинэчлэлийн зарим асуудал, Олимпын соёл, хүмүүжил ба олимпын боловсрол, үнэт зүйлсийг оюутан, сурагчдад эзэмшүүлэх онол, арга зүйн асуудал, Олимпын танхимуудын үйл ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх тухай зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнөв. Мөн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулах “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны талаар танилцуулж, санал солилцож, их, дээд сургуулиудтай хамтран Залуу судлаачдын нийгэмлэг байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.