Сербийн нийслэл Белград хотноо боксын насанд хүрэгчдийн ДАШТ арав дахь өдрөө болж байна. Тэмцээн дуусах болоогүй байхад манай багийн хамгийн өндөр амжилт тавдугаар байр болов. Өчигдөр хүрэл медалийн төлөө Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нар ана мана үзэлцсэн ч харамсалтай нь ялагдаж, ширэн бээлийтнүүд маань ганзага хоосон ирэх нь. Тэд өрсөлдөгчөө үнэхээр дийлээгүй юм. Шүүлтийн хувьд харьцангуй шударга болно билээ.
Харин боксчдын хувьд дэлхийн медалийн буухиа тасарсан нь хамгийн харамсалтай.
Эндээс шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн ажлын үр дүнг харж болно. Түүний удирдсан шигшээ баг саяхан Япон улсад болсон зуны олимпын наадмаас хүртэл медальгүй ирсэн. Юу болсныг бүгд харсан. Энэ бүгдээс харахад ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр хоёр чухал тэмцээнээс медальгүй ирсэн үйлдэлдээ ажлаа өгвөл зохино.
Жишээ дурдая. Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид ДАШТ-ээс нэг хүрэл медальтай ирсэн үйлдэлдээ уучлал гуйж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байв. Мөн саяын олимпоос нэг хүрэл медальтай ирсэн чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга ажлаа өгөхөө мэдэгдсэн.
Спортын салбарт жинхэнэ үлгэр дууриалал болсон юмдаг. Гэвч боксынхон ахлах дасгалжуулагчаа солих талаар үг цухуйлгасангүй. Монголын боксын холбооны удидлагууд Ж.Энхтөр дасгалжуулагчийнхаа толгойг дахин илээд өнгөрч боломгүй мэт. ДАШТ-ий өмнө Монголын итгэл найдвар гэгдэж байсан Х.Энх-Амар, Х.Энхмандах, Б.Чинзориг нарыг Цэргийн ДАШТ-д сойсон нь хамгийн том алдаа байсан юм. Үүнээс л мордохын хазгай гэгч болсон. Тэднийг ахлах дасгалжуулагч нь ойрхон хоёр том тэмцээнд оруулсан нь оновчгүй ба бэлтгэл цөмрөх гол шалтгаан болсон гэдгийг ойлгож байгаа болов уу.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)