Өнөө жил болох байсан Ардын хувьсгалын 100 жилийн ойн түүхт Баяр наадам өнжсөн билээ. Коронавирусний халдварын тархалттай холбогдуулан ийн шийдвэр гаргаж байв. Үүнд нөлөөлсөн бас нэг зүйл бол “No Naadam” хөдөлгөөн нийгэмд хүчтэй өрнөж, наадмаа өнжөөсөн гэвэл үнэнээс хол зөрөхгүй болов уу. Гэхдээ наадам өнжөөлөө гээд муудсан зүйл алга. Улсын баяр наадам 100 жилийн түүхэндээ анх удаа өнжсөн нь энэ юм.
Гэтэл үүний ар дээр хэд хэдэн аймагт дур мэдэн бөхийн цол, чимэг олгох барилдаан зохион байгуулжээ. Хамгийн гол нь наймдугаар сарын 21-ээс хойш морины уралдаан, бөхийн барилдаан зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэрийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү гаргаж байлаа. Тэгвэл эл шийдвэр гарснаас хойш дөрвөн аймагт барилдаан болжээ. Хууль зөрчсөн үйлдэл мөн үү, мөн.
Тэрхүү шийдвэр энэ өдрийг хүртэл хүчинтэй байсан гэж ойлгодох юм. Харамсалтай нь Завхан, Өвөрхангай, Баян-Өлгий, Булган аймагт барилдаан зохион байгуулжээ. УОК-ын шийдвэрийг үл ойшоон бөхийн барилдаан зохион байгуулах шийдвэр гаргасан Завхан, Өвөрхангай, Баян-Өлгий, Булган аймгийн Засаг дарга нарт ямар хариуцлага тооцох вэ, Ерөнхий сайд аа. Барилдаан зохион байгуулах эсэхийг гагцхүү тэдний гарын үсгээр шийдэгддэг юм. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой бус уу.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)