МҮБХ-ноос өчигдөр “Үндэсний бөх, үнэт өв” хүчит 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрийн саналаар допингийн шинжилгээ өгсөн нийт 18 бөхийн дөрвөөс допингийн эерэг хариу гарсан гэж мэдээлсэн. Тэгвэл энэхүү шинжилгээнд бүдэрсэн гэх дөрвөн бөхийн нэрийг улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, заан Б.Уртнасан хэмээн ярьж, бичиж байна. Гэхдээ энэ зөвхөн А сорьцын хариу бөгөөд албан бус мэдээлэл юм. Дээрх бөхчүүдийн хоёр нь Ховд аймгийн бөхчүүд бөгөөд Ховд дэвжээний бөхчүүдийг дасгалжуулж байгаа улсын заан Ц.Мягмарсүрэнгээс тодрууллаа.
-Өчигдөр дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариуг зарлалаа. Үүний дараа танай дэвжээний хоёр бөхийн допингийн шинжилгээний хариу эерэг гарсан гэж мэдээлж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Хаана тийм мэдээлэл байна. Тэр чинь тэгээд албаны ёсны мэдээлэл юм уу. Би өчигдөр МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын ярьсан мэдэгдлийг сонссон. Ц.Магалжав тэргүүн допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн тоог зарласан, харин нэрийг огт зарлаагүй байх аа.
-Нийгэм даяар Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нарыг допинг хэрэглэсэн гэж байна?
-Надад одоогоор баттай мэдээлэл алга. Цахим хуудаст хэн юу дуртайгаа бичиж болно. Тэр бүгдэд итгэж явна гэж юу байх вэ.
-Шавь нартайгаа энэ талаар ярьсан зүйл байна уу?
-Яриагүй. Өчигдөр МҮБХ-ноос допингийн шинжилгээний дөнгөж А сорьцын хариуг зарлалаа. 10 хоногийн дараа Б сорьцын хариуг зарлана гэж байна. Албан ёсны хариу ингэж гарах учиртай. Түүнээс биш өмнө нь мэдээлсэн мэдээлэлд автаж болохгүй юм. Би зөвхөн албан ёсны мэдэгдэлд ач холбогдол өгнө. 10 хоногийн дараа бүх зүйл тодорхой болох байлгүй дээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)