Өнөө жил Улсын баяр наадам болоогүй ч “Үндэсний бөх-Үнэт өв” нэртэй 512 бөхийн барилдааныг зохион байгуулсан. Энэ барилдаанд шөвгөрсөн 16 болон өөрийн саналаар хоёр бөхөөс допингийн шинжилгээ авсан, нийт дөрвөн бөх бүдэрсэн. Допинг гэгч зүйл манай үндэсний бөх рүү анх батлагдаж орж ирсэн нь 2003 он. Энэ үеэс өдгөөг хүртэл 35 бөх допингийн хар жагсаалтад бүртгэгджээ. Допинг хэрэглэсэн дээрх бөхчүүдийн хамгийн хамгийн нь хэн байв. Эргэн сануулъя.
2003 онд допингийн шинжилгээнд хамгийн анх одоогийн цолоор дархан аварга А.Сүхбат бүдэрч байсан бөгөөд энэ жагсаалтад байгаа бөхчүүдийн хамгийн өндөр цолтой бөх нь. Харин хамгийн бага цолтой нь сумын заан С.Майнбаяр ба тэрбээр 2017 онд болсон танхимын барилдаанд барилдах үеэр хориотой эм хэрэглэсэн нь тогтоогдсон. Тэгвэл допинг хэрэглэсэн аймгаар нь тоолвол Говь-Алтай аймгаас допингийн зургаан батлагдсан тохиолдол бүртгэлтэй байна. Тухайлбал, 2003 онд улсын начин Д.Батбаяр, 2009 онд заан Б.Соронзонболд, 2014 онд Б.Суманчулуун, 2018 онд Б.Соронзонболд, 2018 онд Н.Ганбаатар, Ц.Бямба-Очир нар байлаа.
Хамгийн бага шийтгэлийг улсын начин Б.Сугаржаргалд оногдуулсан бөгөөд түүний цолыг хураагаагүй. Харин барилдах эрхийг ердөө зургаан сараар хассан билээ. Огт шийтгэл амсаагүй бөх олон бий. Мөн допинг давтан хэрэглэсэн хоёр бөх бий. Тэр нь аварга Э.Оюунболд (түүний допингийн хариуг албан ёсоор зарлаагүй), заан Б.Соронзонболд юм. Б.Соронзонболд заанд шийтгэл оногдуулсан гэж лав дуулдаагүй. Харин допингоос үүдэлтэй цолоо хураалгуулсан бөх гэвэл аварга Э.Оюунболд, цэргийн арслан Б.Ганзориг, аймгийн арслан Б.Баторших нар байна.
Нийт 35 бөх допинг хэрэглэхэд хамгийн хатуу шийтгэлийг энэ гурван бөхөд оногдуулжээ. Зарим бөх чимгээ хураалгасан бол зарим нь барилдах эрхээ хасуулсан удаатай. Ингэхээр допингийн шийтгэл өмнө нь бөхчүүдэд тэгш бус үйлчилж байжээ. Допинг хэрэглэсэн бөхийг одоогийн цолоор нь авч үзвэл улсын аварга цолтой гурав, арслан цолтой дөрөв, гарьд гурав, заан цолтой дөрөв, харцага цолтой гурав, начин цолтой ес, аймаг, сумын цолтой найм бөх байна. Энэ бүх допинг хэрэглэсэн бөхчүүдийн дийлэнх нь МҮБХ-ны өмнөх тэргүүн Р.Нямдоржийн үед хамаарагддаг.
Тэрбээр бөхчүүдийн толгойг олон жил илсэний гор гэж тайлбарлах хүн олон бий. Харин МҮБХ-ны шинэ тэргүүн Ц.Магалжав допингтой хатуу тэмцэхээ илэрхийлж, барилдах эрхийг хасах шийдвэр, цол хураах тал дээр бат зогсож буйг энд хэлэх нь зүйтэй болов уу. Тэрбээр холбооны тэргүүн болсныхоо дараа Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, допинг хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах тогтоол гаргасан нь цаг үеэ олсон шийдвэр байлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)