Дэлхийн спортын шилдэг гэсэн тамирчид олимпын туган дор чуулж, ид хаваа гайхуулсан нь саяхан. Монголын баг тамирчид “Токио-2020” олимпын наадам одтой байж, дөрвөн медаль, паралимпын наадмаас нэг алтан медальтай ирсэн. Ер нь манай улс урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй олимпод оролцсон юм. 2021 он гараад 300 хоног ард үлджээ. Энэ хугацаанд Монголын шигшээ багийн тамирчид тив, дэлхий болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд ямар амжилт үзүүлсэнийг танилцуулъя. Манай улсын шигшээ баг 2021 он гарснаас хойш нийт 67 медаль авсан бөгөөд 14 алт, 19 мөнгө, 34 хүрэл медаль хүртжээ.
Жүдо бөхийн төрөлд олимпын наадмаас манай тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл авсан. Энэ амжилтыг бүгд мэдэх билээ. Харин тэд мастерс тэмцээнээс нэг хүрэл медаль хүртсэн бол их дуулга тэмцээнээс дөрвөн алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль авчээ. Их дуулга бол жүдочдын хувьд чухал тэмцээн байдаг. Харин Киргизстан улсад болсон Азийн АШТ-ээс нэг хүрэл медаль хүртсэн нь Саейд Моллай байв. Тэгвэл ДАШТ-ээс хоёр хүрэл медаль авсан нь М.Уранцэцэг, Ё.Басхүү нар юм. Жүдочид өнгөрсөн хугацаанд 6 алт, 8 мөнгө, 13 хүрэл медаль авлаа.
Чөлөөт бөхийн баг тамирчид олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнээс хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль авсан юм. Дараа нь Азийн АШТ-ээс хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн нь содон амжилт болсон. Олимпын эрх олгох Европ тивийн тэмцээнээс хоёр мөнгөн медаль авсан. Тэгвэл зуны олимпын наадмаас Б.Болортуяа хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн багийн есөн жил тасарсан медалийг авч чадсан. Харин саяхан болсон ДАШТ-ээс зургаан хүрэл медаль хүртэж, бөхөд хайртай монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ. Монголын чөлөөт бөхийн баг тамирчид өнгөрсөн 300 хоногт олон улсын тэмцээн уралдаанаас 4 алт, 10 мөнгө, 9 хүрэл медаль авчээ.
Боксчид олимпоос ганзага хоосон ирсэн ч олон улсын тэмцээн уралдаанд муугүй оролцсон байна. Залуучуудын ДАШТ-ээс хоёр хүрэл медаль хүртсэн нь залуу боксчдын хувьд түүхэн дэх дөрөв дэх медаль болов. Чех улсад болсон гранпри тэмцээнээс хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Харин Азийн АШТ-ээс хоёр алт, дөрвөн хүрэл медальтай ирсэн. Монголын ширэн бээлийтнүүд өдгөө ДАШТ-д нударга зөрүүлж байгаа юм. Боксчид өнгөрсөн 300 хоногт олон улсын тэмцээн уралдаанаас 4 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль авсан байна.
Хүндийн өргөлтийнхний хувьд монгол тамирчин олимпын медаль хүртэх боломж ойрхон гэдгийг М.Анхцэцэг нотлон харуулсан. Манай туйванчид тэмцээнд олон оролцоогүй ч Азийн АШТ-ээс нэг алт, дөрвөн хүрэл медаль авсан юм.
Пара пауэрлифтингийн шигшээ багт нэг тамирчин, нэг дасгалжуулагч бий. Тус багийн амжилт монголдоо хамгийн өндөрт тооцогдож байна. Энэ спортын төрөлд монголчуудын 13 жил хүсэн хүлээсэн паралимпын наадмын алтан медалийг гавьяат тамирчин Э.Содномпилжээ хүртсэн. Тэрбээр паралимпын наадмын алтан медаль хүртээд зогсохгүй дээд амжилт шинэчлэн тогтоосон юм.
Ийнхүү 2021 он гараад 300 хоног ард үлдэхэд Монголын шигшээ багийн тамирчдын амжилт нэг ийм байна. Тэдний оролцсон тэмцээнийг ангилбал, олимп, паралимпын наадмын 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль авсан бол ДАШТ-ээс нийт 8 хүрэл, залуучуудын ДАШТ-ээс 2 хүрэл, мастерс тэмцээнээс 1 хүрэл, Азийн АШТ-ээс 5 алт, 5 мөнгө, 12 хүрэл медаль, их дуулгаас 4 алт, 3 мөнгө, 6 хүрэл, гранпри тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл, олимпын эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 2 алт, 6 мөнгөн медаль авчээ. Эдгээр амжилтууд нь зөвхөн үндэсний шигшээ багийн тамирчдын өнгөрсөн 300 хоногт авсан медалийн тоо юм. 2022 он хүртэл медалийн тоо нэмэгдэх боломжтой юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)