Серби улсын нийслэл Белград хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ хоёр хоногийн өмнө эхэлсэн бөгөөд 88 орны 510 тамирчин хуран чуулжээ. Төсөөлснөөс цөөн боксчин дэлхийн рингэнд гарах нь. “Токио-2020” олимпын дараах анхны ДАШТ-д ердөө найман орон жингээ гүйцээж ирлээ. Кубын шигшээ багаас таван тамирчин коронавирус туссан тул тэд тав нутаг буцав. Мөн хамгийн өндөр шагналын сан (2.6 сая ам.доллар)-тай боксын ДАШТ энэ болов. Оросууд бүх жинд залуу тамирчидаа илгээж, гурван алтан медаль авна гэв. Гэхдээ тэдэнд Энэтхэг, Казахстан, Узбекистаны боксчид саад болох нь лавтай. Энэ гурван улс бүх жинд хамгийн сайн тамирчинаа илгээсэн байна.
Манай улсаас найман тамирчин оролцохоос О.Тулга, Э.Баярсайхан нараас бусад нь дэлхийн рингэнээ гар зөрүүлсэн боксчид юм.
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ харамсалтай коронавирус тусч эх орондоо ирээд байгаа билээ. Манайхнаас Б.Чинзориг, Б.Мишээлт нар эхний даваагаа давсан бол Х.Энх-Амар, Х.Энхмандах нар рингэнээс эрт буулаа.Б.Чинзориг, Б.Мишээлт нарын хувьд цаг нь ирсэн. Одоо л хэн болохоо харуулаасай. Энэ хоёр залуу медалийн тавцанд гарсан байхад гайхах хүнгүй болов уу. Харин Х.Энх-Амар, Х.Энхмандах нар саяхан Цэргийн ДАШТ-д өрсөлдсөн тул бэлтгэл цөмөрсөн байдал анзаарагдаж байна. Сугалаанаас үзэхэд манайхнаас Г.Ган-Эрдэнэ медаль ойрхон харагдаж байна. “Жижиг Үүеэ” хэмээх Г.Ган-Эрдэнийн хувьд дэлхийн медальтан болох таатай боломж тохиож байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)