Жүдо бөхийн “Рио-2016” болон “Токио-2020” зуны олимпын наадмын аварга, Дэлхийн хошой алтан медальт, Европын таван удаагийн аварга Чех улсын алдарт бөх Лукас Крпалек манай эх оронд ирсэн бөгөөд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та аян замдаа сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ.
-Монголд ирсэн зорилгоо хуваалцахгүй юу?
-Монголын жүдогийн тамирчид олимп, дэлхийн тавцанд гайхшруулсан олон амжилт үзүүлдэг болохыг дэлхий даяар мэднэ. Монголын жүдоч найз нарынхаа мэндийг мэдэхийн зэрэгцээ Монголын сайхан орноор аялах зорилготой ирсэн. Ийм сайхан байгальтай орны бөхчүүд мундаг байх нь аргагүй гэдэг бодол төрлөө. Монголд ирэх эхний зорилго нь энэ байлаа. Мөн намайг дэмждэг Чех улсын “Фенип” корпорацийн Ерөнхийлөгч Паул Рехте Эрдэнэт хотод орчин үеийн евро стандартын орон сууц барьсан. Үргэлжлээд Булган аймагт 1000 айлын орон сууц сүндэрлүүлэхээр төлөвлөсөн юм билээ. Энэ сайхан ажил, үйлсийг дэмжихээр ирсэндээ сэтгэл хангалуун байна.
-Ажлаа амжилттай бүтээж чадав уу?
-Ажил урагштай байна. Биднийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх Б.Пагва урьсан. Энэ хүн биднийг урьж, энэ арга хэмжээг зохион байгуулах гэж бараг жил орчим хөөцөлдсөн. Чех улсад коронавирусний халдвар гарсантай холбогдуулан бусад орон руу явуулах боломж хомс байдаг юм. Тэгэхдээ төлөвлөсөн ажлаа амжилттай бүтээж чадлаа.
-Таны жүдо руу орсон түүх сонин байна?
-Би жүдод санамсаргүй орсон. Аав маань анх каратегийн тамирчин болгох гээд намайг секцэнд хөтөлж оруулдаг юм. Тэгсэн тэнд каратегийн биш жүдогийн бэлтгэл заадаг болж таарсан. Аав маань будилсан нь ч болсон. Тэндээ жүдог илүү сонирхох болж, амжилт ч хурдан ахисан даа.
-Та энэ агуу амжилтанд хүрэх хүртлээ бэлтгэл сургуулилтыг яаж хийдэг байв?
-Бэлтгэлийг өдөрт хоёр удаа хийж байгаа. Хүчний бэлтгэлийг бол өдөр бүр хийдэг. Жүдод хүчний бэлтгэлгүйгээр том амжилтанд хүрэхгүй. Гол нь тамирчин хүн биеэ сайн дайчилдаг байх хэрэгтэй. Өөрийнхөө алдаа дутагдал дээр сайн дүгнэлт хийж байж би өнөөдрийн амжилтанд хүрсэн. Хамгийн гол нь сахилга бат чухал.
-“Токио-2020” олимпын наадамдтүрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?
-Би уг нь Токиогийн дэвжээнд агуу Тедди Ринертэй алтан медалийн төлөө хүч үзнэ гэж бодож байсан юм. Харамсалтай нь барилдаж чадсангүй.
-Харамсаад яах вэ. Дараагийн олимп түүний нутагт болно шүү дээ?
-Тийм ээ. Миний дараагийн гол зорилго бол Парисын олимпын дэвжээнд Тедди Ринертэй финалд барилдах чин эрмэлзэлтэй байгаа. Би Тедди аваргыг их хүндэтгэдэг. Түүнтэй барилдахдаа ялж, ялагдаж болно. Хамгийн гол нь энэ агуу бөхтэй олимпын дэвжээнд барилдана гэдэг агуу зүйл юм аа.
-Та олимпын аварга Н.Түвшинбаярын нутагт очжээ. Түүнтэй уулзаж амжсан уу?
-Миний монголд ирэх бас нэг зорилго нь Н.Түвшинбаяр аваргатай уулзах чин хүсэл байлаа. Би энэ хүнээс их зүйл сурсан. 2008 оны Бээжингийн олимпын наадамд түрүүлэхэд нь их баярлаж билээ. Энэ үедээ түүнтэй найз байлаа. Н.Түвшинбаяр аваргын барилдааны арга барилаас суралцаж, олон зүйлийг өөртөө бий болгосон. Би түүнийг их хүндэтгэдэг. Тэр миний хамгийн сайн найз юм.
Б.Жаргал