Серби улсын Белград хотод боксын насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эхэлж байна. Энэ тэмцээнд газар газрын шилдэг ширэн бээлийтнүүд хуран чуулжээ. Тэдний дунд Кубын алдарт боксчин Рониэл Иглесиас Сотолонго байгаа нь уг тэмцээн улам сонирхолтой болох нь лавтай. Р.И.Сотолонго нь “Лондон-2012”, “Токио-2020” зуны олимпын наадмын аварга, “Бээжин-2008” олимпын наадмын хүрэл, “Милан-2009” ДАШТ-ий алт, “Ханбург-2017” ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн ёстой ясны тамирчин юм. 33 настай тэрбээр өнгөрсөн олимпын рингэнээ залууст нас биш туршлага илүү болохыг батлан харуулсан.
Кубын боксын шигшээ багаас түүнд итгэл үзүүлж, өндөр зэрэглэлийн тэмцээн уралдаан бүртээ түүнийг сойж байна. Куба бол яахын аргагүй боксын эх орон мөн.
Харин манай улсын боксын шигшээ баг энэ тал дээр арай өөрөөр ханддаг. Р.И.Сотолонго бол нэгэн цаг үед манай гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан. Тэд нийт гурван удаа тулалджээ. “Милан-2009” ДАШТ-ий мөнгөн медалийн төлөө хүч үзсэн нь тэдний анхны тулаан байв. Дараа нь Дэлхийн цом, Чех улсад болсон олон улсын тэмцээнд хүч үзэж, манай тамирчин хоёр онооны зөрүүгээр ялагдаж байлаа.
Үүний дараа У.Мөнх-Эрдэнэ олон улсын тэмцээн уралдаанд оролцох нь багассан. 2013 оны ДАШТ-д хэл амтай явсан. Гэхдээ тэрхүү тэмцээнд ганц нүүр тахалсан нь чухамдаа У.Мөнх-Эрдэнэ л байв. Ер нь дэлхийн домогт тамирчин Р.И.Сотолонготой ойролцоо тулалдсан боксчин ховор гэдэг. Хамгийн сайн тулалдсан монгол боксчин гэвэл У.Мөнх-Эрдэнээс өөр үгүй. У.Мөнх-Эрдэнэ коронавирусний халдвар аваагүй бол Белградад найман жилийн дараа хуучин “жин жав”-тайгаа дахин уулзах байжээ.
Б.Жаргал