Серби улсын Белград хотод боксын насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эхэлж байна. Энэ тэмцээнд Монголын есөн тамирчин оролцохоор хилийн дээс алхсан боловч 75 кг-ын жинд өрсөлдөх байсан гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ харамсалтай нь коронавирусний халдвар авч эх орондоо иржээ.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар “Лондон-2012” зуны олимпын наадмын хүрэл, “Милан-2009”, “Алматы-2013” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, Зүүн Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэтэй ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-ДАШТ-д оролцох эрхээ авахад тань олон хүн баярласан, бас бахархсан. Гэвч та дэлхийн рингэнд гарч чадахгүй болсон нь харамсалтай?
-Намайг эх орноо төлөөлөн ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан цаг мөчөөс эхлэн олон хүн баяр хүргэлээ. Олон түмний урмын үг гэдэг хүнд их хүч өгдөг зүйл байна. Ийм болохоор би бэлтгэл сургуулилтаа улам сайн хангасан. Харамсалтай нь итгэлийг нь хариулж чадсангүй.
-Таныг Белград явахаасаа өмнө гэртээ очсон гэж ярьж байна. Тэндээс халдвар авсан юм биш биз?
-Гэртээ харьсан нь үнэн. Манай боксын тамирчид Эрдэнэт хотоос Улаанбаатарт ирсэн даруйдаа “Ган” спорт цогцолборын дэргэдэх зочид буудалд хоёр хоносон. Би гэртээ харьж хувийн бэлтгэлээ хангахаар очсон. Ингэж явах замдаа хэн нэгэнтэй уулзаагүй. Халдвар авсныхаа дараа юмыг яаж мэдэх вэ гээд гэр бүлийнхнийгээ коронавирусний шинжилгээ өгүүлэхэд бүгд сөрөг гарсан байна. Санаа амарсан. Би энэ өвчнийг монголд байхдаа аваагүй болж таарлаа. Харин Белград явах замдаа авсан байж магадгүй. Тийшээ явах замын хугацаанд гуч орчим цагийг зарцуулсан. Багийн эмч маань яаралтай арга хэмжээ авч надад халуун бууруулах, өвчин намдаах эм өгснөөр биеийн байдал харьцангуй тогтворжсон. Манай багийнхан Белград явах замдаа Станбулын нисэх буудалд хоносон юм. Онгоц хүлээж тэнд их удсан. Нэг хэсэг нь сандал дээр унтаж, зарим нь шалан дээр ч нойр авч байлаа.
-Халдвар авсанаа хэзээ мэдсэн бэ?
-Белград хотод хоёр хонож байтал гэнэт бие халуурсан. Шинж тэмдэг илрэнгүүт л өөрийгөө тусгаарласан. Халдвар авчээ л гэж бодсон. Хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээ өгөхөд нэг нь эерэг, нөгөө нь сөрөг гарсан юм. Халдвар авсан байх магадлалтай болохоор бусад тамирчидаа эрсдэлд оруулахгүйн үүднээс монгол руугаа буцлаа. Мөн энэ тэмцээнд оролцохоор хүрэлцэн ирсэн орон орны олон хүнийг эрсдэлд оруулая гэж бодоогүй юм.
-Туркийн нисэх буудалд байх үедээ халдвар авсан гэж бодогдохгүй юм уу. Манай спортын олон тамирчин тэр нисэх буудлаас халдвар авсан гэж дуулддаг?
-Би тэндээс л халдвар авсан байх. Тэр нисэх буудалд Ази, Европын олон орноос хүмүүс ирэх л юм, буцах л юм. Туркийн Анкара хотод онгоц хүлээж 20 гаруй цаг саатсан. Энэ их урт хугацаа. Үүнээс гадна нислэгт 10 гаруй цагийг өнгөрүүллээ. Ингэхээр бид монголоос хөөрөөд 30 гаруй цаг болж байж зорьсон газартаа хүрч байгаа юм. Олон цаг ниссэн болохоор биеийн дархлаа бас уналаа.
-Одоо таны биеийн байдал хэр байна?
-Монголд ирээд шууд гэртээ тусгаарлагдсан. Бусдын адил эм тангаа уугаад л гэртээ байж байна. Биеийн байдал одоогоор тогтвортой байгаа.
-Та “Алматы-2013” ДАШТ-ээс хүрэл медаль хүртснээс хойш найман жилийн дараа дэлхийн рингэнд гарах байлаа. Энэ удаагийн тэмцээнд хэрхэн бэлдсэн бэ?
-2013 оноос хойш том тэмцээнд ороогүй ээ. Гэхдээ бэлтгэл сургуулилтыг бол тогтмол хийдэг.
-Таныг энэ тэмцээнд оролцох гэж их хичээл зүтгэл гаргасан гэдэг?
-Намайг ДАШТ-д оролцох эрхээ авлаа гэхэд Монголын ард түмэн амжилт хүсч, надад олон хүн баяр хүргэсэн. Олон хүний итгэлийг биелүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргая гэж бодсон, маш их хичээсэн. Гэвч тэр хүсэл зорилго талаар боллоо. Энэ олон түмний итгэлийг хариулж чадаагүйдээ харамсаж байна.
-Таны ДАШТ-д оролцох гол зорилго гэвэл?
-Би өөрт байгаа бүх боломж, бололцоог дайчилж бэлдсэн. Тийм болохоор медальт байрт шалгарах зорилготой байлаа. Бэлтгэл сайн хийснийхээ үр дүнд ДАШТ-д оролцох эрхээ авсан гэж бодож байна.
-Таниас гадна ДАШТ-д оролцох эрхээ авсан хоёр залуу тамирчин коронавирус тусч тэдний оронд өөр хоёр тамирчин явсан байх аа?
-Тэд бэлтгэл цугларалтанд гарахын өмнө халдвар авсан гэсэн.
-Коронавирус өндөр зэрэглэлийн тамирчин хүний ажиллах чадварыг бууруулдаг гэдэг үнэн байна уу?
-Хүнд, хөнгөн байдлаасаа шалтгаалж хүмүүст янз бүрээр нөлөөлж байх шиг байна.
-Таныг монгол руу буцаах шийдвэр гаргасантай санал нийлэх үү, эсвэл...?
-Тэнд байсан багийн эмч, холбооны удидлагууд нийлж шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Тийм бол энэ шийдвэр зөв. Би тэнд үлдсэн бол багийн бусад гишүүддээ халдвар тараана. Энэ нэн чухал тэмцээний үед дан ганц өөрийгөө бодож болохгүй. Би тэдний оронд байсан бол яг л ийм шийдвэр гаргана. Би халдвар авсан гэдгээ мэдмэгцээ өөрийгөө шууд тусгаарлаж байгаа юм. Тэгээд маш түргэн нутаг буцсан. Манай залуучууд том тэмцээнд орох гээд хүсч тэмүүлж байхад нь ганц хүний эрх ашгийн үүднээс хандаж болохгүй шүү дээ.
-Монгол руу буцах замдаа халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталсан бэ?
-Маскаа огт салгаагүй. Буцах замд аз болоход хүлээгдэх зүйл харьцангуй бага байлаа. Хүмүүсээс аль болох зай барьж явсан. Хамгийн гол нь би энд байхдаа халдвар аваагүй юм байна. Манай гэрийнхэн шинжилгээ өгөхөд бүгд сөрөг гарлаа. Мөн онгоцонд 10 гаруй цаг хамт явсан хүмүүс маань эрүүл гэхээр санаа амарч байна. Монголын спортын цөөнгүй тамирчин нисэх буудалд удаан хугацаагаар саатах үедээ халдвар авсан гэж ярьдаг. Тэгэхээр хойшид тамирчид маань олон улсын тэмцээн уралдаанд оролцохоор явах үедээ нисэх буудлын зааланд байхдаа тун анхаарал болгоомжтой явах хэрэгтэй гэж захиж хэлье ээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)