Монголын бодибилдинг, фитнессийн холбооны шилдгийг шалгаруулах “Монголын мистер-2021” тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж, Самбуугийн Жаргалсайхан мөнгөн медаль хүртсэн юм. 1990 онд болсон “Монголын сайхан залуу” анхдугаар тэмцээний дөрөвдүгээр байрын шагналт С.Жаргалсайхантай ярилцлаа.
-“Монголын мистер” тэмцээний тайзнаа 31 жилийн дараа гарсанд тань баяр хүргэе. Мөнгөн медальтай нутаг буцах нь. Танд дахин баяр хүргэе?
-Баярлалаа. Бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс авсан миний зургаа дахь медаль юм. Ёстой сайхан мэдрэмж авлаа.
-Та 1990 онд болсон “Монголын сайхан залуу” анхдугаар тэмцээнд өрсөлдөж явсан цөөн тамирчны нэг. 31 жилийн өмнөх тайзаа эргэн дурсахгүй юу?
-Би Эрдэнэт хотод олон жил ажиллаж, амьдарсан болохоор тэндэхийн оросуудтай анх бэлтгэл хийдэг байлаа. Харин 1988 оны намраас зөвхөн монголчуудтай бэлтгэл хийдэг болж, Эрдэнэтэд бодибилдингийн анхны дугуйланг байгуулцаж байлаа. Тэр үед тун цөөхөн хүн бодибилдингээр хичээллэж байсан. Эрдэнэтэд хоёр жил төмөр өргөсөн бидний дөрвөн залуу Улаанбаатарт ирээд “Монголын сайхан залуу-1990” тэмцээнд оролцоход Даваадорж бид хоёр шагналт байрт орсон. Энэ нь тус тэмцээнд орсон манай багийн хамгийн өндөр амжилт болов. Тэмцээн Монголын хүүхдийн ордны тайзанд болоход жингийн ангилалгүй нийт 46 залуу өрсөлдсөн юм.
-Тэр үеийн тэмцээнд бэлтгэх үйл явц их сонин байна?
-Тухайн үед уураг, витамин хомс, гэхдээ уураглаг хоол хүнс идэх ёстойгоо мэдэхтэйгээ байлаа. 33 хувийн уурагтай хүүхдийн кааш болон геркулес гэдэг нэртэй овъёос ихэвчлэн иднэ. Мөн тэр үеийн Сүүний үйлдвэрт цемент шиг том ууттай уураг захиж хэрэглэдэг байлаа.
-Та тухайн үеды ямар өмсгөлтэй оролцож байв?
-Их хөгжилтэй. Би Орос дэлгүүрээс усны богино өмд худалдаж аваад тэмцээнд орсон юмдаг. Өнөөгийн гоё ганган өмсгөлтэй харьцуулбал онигоо болно. Би ч яах вэ, ингэж аргалсан. Харин зарим нь их марзан өмсгөлтэй орж билээ. Тэр тэмцээнд Батбаяр түрүүлж, Буянтогтох дэд байр, Гансүх мистер маань гуравдугаар байрт орсон бол би дөрөвдүгээр байрт шалгарсан. Даваадорж тав, Болдбаатар зургадугаар байрт орсон түүхтэй.
-Эрдэнэтэд бодибилдингийн спорт хөгжих суурийг оросууд тавьжээ?
-Тийм ээ. Эрдэнэт үйлдвэрт ажилладаг оросууд төмөр их өргөнө. Эрдэнэтийнхэн бол тэднээс анх суралцсан юм.
-Та бодибилдингоос өөр спортод өөрийгөө сорьж байсан уу?
-Ах нь пауэрлифтингийн спортын Олон улсын хэмжээний мастер цолтой. 2018 онд монголд болсон пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, тэр жилийн Азийн АШТ-ий хэвтээ шахалт, суулт, таталт гэсэн гурван төрөлд алтан медаль авсан. Ихэвчлэн пауэрлифтингээр хичээллэдэг дээ. Харин энэ жил Монголын мистер тэмцээн 30 дахь жилдээ болно гэхээр нь бодбилдингээр бэлтгэсэн.
-Та хэр бэлдсэн бэ?
-Өнгөрсөн оны намраас бэлтгэж эхэлсэн бөгөөд тэмцээн болохоос 20 хоногийн өмнө хоолоо сойсон. Бодибилдингийн тэмцээнд орохоор бэлдэж байгаа тамирчин хүнд төмөр өргөх нь чухал. Үүнээс гадна хоол хүнсээ тааруулахдаа хурдны морь уяж буй уяач шиг хандах ёстой байдаг. Би “Монголын мистер” тэмцээнд амжилт үзүүлэхийг жилийн өмнөөс зорьж, бас бэлдсэн. Манай холбоо тэмцээн уралдаанаа маш сайхан зохион байгууллаа. Сэтгэл их хөдөллөө.
-Та бодибилдингийн тэмцээнд дахин хүч үзэх үү?
-Нимгэрсэн биетэй хүн ойрхон хугацаанд тэмцээнд ороход мэдрэмжээ алддагүй юм. Би өөх, тостой хоол бага хэрэглэдэг. Энэ байдлаа хадгалж чадвал 45 хоногийн дараа дахин тэмцээнд ороход алзахгүй ээ.
Б.Жаргал