Солонгос улс спортын салбарт дэлхийд тэргүүлэх орны нэг. Тэд спортын шинжлэх ухаанаар ч тэргүүлэх байр суурь эзэлдэг. Тэгвэл өнөөдөр Монголын Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс БНСУ-ын Соёл спорт, Аялал жуулчлалын яамны харьяа Спортын шинжлэх ухааны институттэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолыг онлайнаар зохион байгууллаа. Гэрээнд зааснаар хоёр тал хоёр жил хамтран ажиллах юм. Энэ хүрээнд онол, практикийн хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Мөн харилцан туршлага солилцож, багаж, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх сайн талтай. Ингээд зогсохгүй монгол тамирчны бэлтгэл, дасгалжуулалтын ерөнхий төлөвлөлт дээр өөрчлөлт, энэ салбарт шинэ дэвшил гарна гэж хоёр тал үзэж байна. Энэхүү арга хэмжээнд БТСУХ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, САУЭШТ-ийн ЭШССА-ны дарга Б.Батцэнгэл, тус төвийн АУА-ны дарга М.Булган тэргүүтэй төлөөлөгчид, БНСУ-ын талаас Спортын шинжлэх ухааны институтын Ерөнхийлөгч хадагтай Ён Шин Нам, Спортын бодлогын судалгаа, шинжилгээний газрын ерөнхий менежер Квон Ил Ким, Спортын шинжлэх ухааны газрын ерөнхий менежер Хун Сун Сон тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Санамж бичигт:
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дараах талууд дараах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
• Спортын шинжлэх ухааны бүхий л чиглэлээр хамтран ажиллах,
• Шинжлэх ухаанд суурилсан бие бялдарын түвшин тогтоох сорилыг боловсронгуй болгох, туршлага солилцож, хамтран ажиллах,
• Эрдэм шинжилгээний тодорхой чиглэлээр хамтарсан судалгаа хийх болон спортын шинжлэх ухааны бүхий л чиглэлд хамтарсан төсөл хэрэгжүүлэх,
• Спортын эмч нар болон судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудыг давтан сургах, туршлага солилцох, дадлага хийлгэх,
• Судлаач эрдэмтдийг урьж сургалт, семинар зохион байгуулах,
• Эрдэм шинжилгээний хамтарсан хурал зохион байгуулах,
• Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллах гэх мэт.
Сэтгэгдэл (1)