Боксын спорт монголд хөгжөөд 73 жил болжээ. Ардын хувьсгалын 27 жилийн ойн баяр наадмын үеэр ринг засч боксын анхны тэмцээн зохион байгуулснаас хойш манай ширэн бээлийтнүүд ороогүй тэмцээн, аваагүй медаль үгүй. 1978 онд манай боксчид дэлхийн рингэнд анх гарсан түүхтэй. Гэхдээ Белградаас ганзага хоосон ирсэн. Харин 1982 онд Германы Мюнхен хотод болсон тэмцээнээс гавьяат тамирчин Равсалын Отгонбаяр мөнгөн медаль хүртсэн нь анхны амжилт болсон.
Ингэж Монголын боксчид дэлхийд танигдаж эхэлсэн. Р.Отгонбаяр гавьяатаас хойш 17 удаагийн ДАШТ-д оролцохдоо 10 медаль (1 алт, 3 мөнгө, 6 хүрэл) аваад байна. Монголын цор ганц аварга нь П.Сэрдамба юм. Харин хос медальтан нь У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар билээ. 1993 оны ДАШТ-ээс гавьяат тамирчин Э.Цогтжаргал хүрэл медаль авсан ба тус тэмцээний медалийн тавцанд гарсан цорын ганц ази боксчин болсон түүхтэй. Харин өдгөө ази тив боксын спортыг ноёрхож буй.
Уг тэмцээнд монголчууд хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь 2009 оны Миланы ДАШТ бөгөөд тэндээс П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр эхний тавд багтсан юм. Манай боксчид үүн шиг иж бүрдэл медальтай ирсэн тэмцээн ахин гараагүй. Боксын ДАШТ нийт 20 удаа болоход Монголын баг тамирчид есөн тэмцээнээс медальгүй ирсэн. Хамгийн сүүлд ОХУ-ын Екатеринбург хотод болсон тэмцээнээс гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүрэл медаль хүртсэн. Тэгвэл Белград хотод болох энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас есөн тамирчин оролцох юм.
Тэмцээн маргааш эхлэх бөгөөд манай багийн хамгийн туршлагатай нь өдгөө 39 настай гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ бол хамгийн залуу нь 20 настай О.Тулга билээ. Баг бүрэлдэхүүнээс медалийн горьдлоготой гурван тамирчин бий. Манай мэргэжилтнүүд “Алдар” спорт хороогоор овоглодог Б.Чинзориг, Х.Энх-Амар, Х.Энхмандах нарт ихээхэн найдвар тавьж буй. Хэрэв тэднээс нэг нь медаль хүртвэл Монголын боксчдын ДАШТ-ий 13, эрэгтэй тамирчдын 12 дахь медальтан болох юм.
48 кг-д Ганхуягийн Ган-Эрдэнэ /ОУХМ/, /Gan-sport сеnter тамирчин/
51 кг-д Хархүүгийн Энмандах /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин /
54 кг-д Энх-Амгалангийн Баярсайхан /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин спорт хорооны тамирчин/
57 кг-д Хархүүгийн Энх-Амар /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин
60 кг-д Оюунбаатарын Тулга /СМ/, /БХИС-н Алдар спорт хорооны тамирчин/
63.5 кг-д Баттөмөрийн Мишээлт /СМ/, /БТСУХ-ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин/
67 кг-д Баатарсүх Чинзориг /ОУХМ/, БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин
71 кг-д Отгонбаатарын Бямба-Эрдэнэ /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин/
75 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ /МУГТ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд” спорт хорооны тамирчин
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)