Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран хэрэгжүүлж буй нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж, 24 дүгээр сургуулийн талбайг хүлээлгэн өгсөн. Олон бяцхан хөлбөмбөгчид баярласан нь лавтай. Тэгвэл үүний араас “Улаанбаатарын Мазаалайнууд” клубын гаргасан саналын дагуу тус төсөл Техник технологийн дээд сургуульд хэрэгжиж, тэд шинэ талбайгаа өлгийдөн авлаа. Талбайн нээлтийн ёслолд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон Техник технологийн дээд сургуулийн хувьцаа эзэмшигч М.Сэргэлэн, ТУЗ-ийн дарга Б.Нэмэхбаатар нар оролцов. Энэхүү талбайн нээлтийн анхны тоглолтод “Улаанбаатарын Мазаалайнууд” клубын 14 хүртэлх насны багийн нөхөрсөг тоглолт болжээ.