Сүүлийн жилүүдэд бөхчүүдийг тойрсон элдэв таагүй мэдээлэл цөөнгүй гарах болж, нэр хүнд нь өдрөөс өдөрт буурсан нь нууц биш ээ. Үүнд олон шалтгаан бий. Гэхдээ бөх болгон тийм биш юм. Монгол үндэстнийхээ өв соёлыг харь оронд ч сурталчлан таниулж, хүүхэд залууст байнга үлгэрлэж явдаг бөх бол чухамдаа улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс юм шиг.
Тэрбээр хорт хавдрын эсрэг аянд манлайлан оролцож явсан. Анзаарсан хүн тийм ч олон биш байж болох юм. Яагаад гэвэл тэрбээр аядуу намдуу ажилладаг нэгэн. Тэрбээр бусдад, нийгэмд тустай сайн үйлсийн ажил байсхийгээд хийдэг юм. Өдгөө түүний санаачилсан “Бүрэн Монгол” сангаас “Бүрэн монгол гэр” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд 21 аймагт амьдарч буй үлгэр жишээ 21 өрхөд иж бүрэн гэр бэлэглэж, бичил бизнес эрхлэхэд нь зориулан хөнгөлттэй зээл олгох юм байна.
“Бүрэн Монгол” сангийнхан уг аяныхаа эхлэл болгож, “Mongol Nomadic” жуулчны баазад төслөө танилцууллаа. Монгол өв соёлоо сурталчилж, дуудлага худалдаа ч зохион байгуулсан. Олсон бүх орлогыг сайн үйлсийн аянд зарцуулна. Зарим хүн аянд нэгдэж, сэтгэлийн хандив өргөсөн бол гэр бэлэглэе гэсэн хүн ч цөөнгүй байв.
Нээлтийн ёслолоор монголчуудынхаа өв соёлын талаар ойлголт өгөх хараа булаам олон зүйлсийг дэлгэн харуулсан юм. Арга хэмжээнд бөхийн хүрээнийхнээс МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гарьд Ө.Бат-Орших, начин С.Батсуурь болон аймгийн цолтой зургаан бөх иржээ. Аварга П.Бүрэнтөгсийн ээж Н.Норов гуай хамгийн холоос хүрэлцэн ирсэн нь сэтгэл хөдөлгөм, хүндэтгэлтэй санагдлаа. Мөн аваргын гэргий Ч.Номин ирсэн зочдыг найрсгаар угтаж, идээ, ундаа, үдийн хоолоор дайлсан юм.
Cонирхолтой нь “Ид шидийн орон”-ы 25 бяцхан зочин урьсан байлаа. Хүүхдүүд цэвэр агаарт тоглож, өдрийг тун хөгжилтэй өнгөрүүлсэн. Жаалуудад монгол зан заншилтайгаа танилцах сайхан байсан биз ээ. Тэд ч мөн аваргын санаачилсан аяныг дэмжихээр ирсэн юм.
Тэнд цугласан хүмүүс зураач, Төрийн соёрхолт До.Болд, Ц.Цэгмид нарын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнд саатсан. Дараа нь Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж буй морьт харвааны эрэмгий залуус зочдод ур чадвар, ид хаваа харуулсан үзүүлбэрээ толилуулсан нь зочдын мэлмийг нээж, сэтгэлийг ёстой л нэг баясгалаа. Хөтөлбөр ёсоор үүний дараа Монголын биет болон биет бус өвийн тухай танилцуулсан нь сонирхолтой байлаа. Зочид нүүдэлчдийн эрт үеийн сууц, гэр ямар байсан талаар мэдэж авлаа.
Үндэсний хөгжим эгшиглэсэн орчинд шагай харваа болон бусад мартагдах шахсан өв, соёлын талаар тайлбарласнаар арга хэмжээний утга, зорилгыг илүүтэй тодруулж байв.
Аяны нээлтийн арга хэмжээний төгсгөлд П.Бүрэнтөгс аваргын 2015 оны Улсын баяр наадамд үзүүрлэхдээ өмсөж байсан зодог шуудаг болон мөнгөн аягыг дуудлагаар худалдсан юм. Энэ үеэр улсын аварга О.Балжиннямын хүү Б.Болд 21 аймагт гэр олгох аяныг дэмжиж байгаагаа илэрхийлэн нэг гэр бэлэглэхээ амлалаа. Дуудлага худалдаанаас олсон ашгийг ч 21 аймагт ажил үйлсээрээ манлайлж буй 21 өрхөд гэр олгоход зориулах юм байна. “Бүрэн Монгол” сангийнхан цаашид үйл ажиллагаагаа тэлж, 21 аймгийн нутгийн брэндийг сурталчлан таниулах зэрэг олон ажил өрнүүлэх аж. Ийнхүү тус сангийнхан амралтын өдөр монгол өв соёлоо сурталчлан таниулж, сайн үйлсийн аяныхаа гарааны шанг татав.
Аваргын санаачилсан ээлжит аянд нь амжилт хүсье.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)