"Mongol Nomadic" жуулчны баазад өчигдөр улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан "Бүрэн Монгол" сангаас "Бүрэн Монгол гэр" төслөө танилцуулж, хандивын аян өрнүүлэв. Энэ хүрээнд улсын аварга П.Бүрэнтөгсийн 2015 оны Улсын баяр наадамд үзүүрлэхдээ өмсөж байсан зодог шуудгийг дуудлага худалдаанд оруулсан юм. Дуудлага худалдаанд Батсуурийн Түмэндэлгэр гэж хүн аваргын зодог, шуудгийг 20 сая 500 мянган төгрөгөөр худалдан авсан байна. Б.Түмэндэлгэр нь саяхан БНСУ-д хүнд хагалгаанд ороход П.Бүрэнтөгс аварга хувиасаа дэмжлэг үзүүлсэн гэв. Иймд тэрбээр аваргын санаачилсан сайн үйлсийн аяныг дэмжихээр хүрэлцэн иржээ. Энэхүү зодог шуудаг бол П.Бүрэнтөгс аваргын харь оронд эх орныхоо өв соёлыг сурталчлан таниулах фестивальд өмсөж байсан өмсгөл юм. Энэхүү дуудлага худалдаанаас олсон 20.5 сая төгрөгийг сайн үйлсийн аянд 100 хувь зарцуулах юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)