Монголын таеквондогийн холбооны Ерөнхийлөгч Б.Онон Монголын пара таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Отгонбаатар нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар саяхан болж өндөрлөсөн “Токио-2020” паралимпын наадмын тайланг хэлэлцэж, тэд ажлаа тайлагнажээ. Дараа нь Монголын пара таеквондогийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Л.Отгонбаатар нар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Уулзалтын төгсгөлд МТХ-ны ерөнхийлөгч Б.Онон тэдэнд хандаж, “Монголын пара таеквондогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, түүхэн амжилт бүтээхэд хүчин зүтгэсэн та бүхэнд мянга мянган таеквондочдынхоо нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлэхийн сацуу цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.
Б.Жаргал