Узбекистан улсын нийслэл Ташкент хотод болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн “Champ Fitness” клубын тамирчин Даваасамбуугийн Бадамхандтай ярилцлаа.
-Дэлхийн аварга болсон танд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Хэдэн жилийн хөдөлмөр, зүтгэл таныг энэ оргилд хүргэв?
-Танай сайтыг сонгон уншиж буй бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би бодибилдинг, фитнессийн спортоор хичээллээд дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Саяын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол миний анхны олон улсын тэмцээн байлаа. Түрүүлсэндээ баяртай байна. Үүнээс өмнө монголдоо дөрвөн тэмцээнд хүч үзсэн.
-Та энэ спортод хожуу хөл тавьсан байна?
-Тийм ээ. Ширээний ард олон цагаар сууж ажиллахаар хөдөлгөөний дутагдалд орно, бие их хөшинө. Ажлын нөхцлөөс шалтгаалж, илүүдэл жингээсээ салах зорилгоор фитнессээр хичээллэсэн юм.
-Дэлхийн аварга болохын тулд дөрвөн жилийг зарцуулсан гэж бодохоор маш хурдан сайжирчээ?
-Миний амжилтын гол хүч болсон хүн бол гавьяат тамирчин Г.Угалзцэцэг багш маань юм. Фитнесст дөнгөж орохдоо багш шигээ том тэмцээнд оролцохыг битүүхэн бодно. Түүн шиг мундаг тамирчин болохыг их хүснэ. Тэгсэн нэг өдөр багш маань “Тэмцээнд орж үзэх үү” гэдэг юм. Оюутны аварга шалгаруулах тэмцээн болж байв. Би тухай үед магистерт сурч байсан болохоор тэр тэмцээнд оролцох болсон. Ингэж би энэ спорт руу эргэлт буцалтгүй орсон юм.
-Сайхан дурсамж байна. Багш тань Америкт болсон “Мистер олимпиа” тэмцээнд өрсөлдөж байхад та Узбекистанд ёстой бужигнуулж өгсөн. Багшаасаа хол тэмцээнд оролцох ямар санагдав?
-Манай “Champ Fitness” клубт олон тамирчин бий. Бас дасгалжуулагч олон. Г.Угалзцэцэг багш ерөнхийд нь ажиглаж, бүгдэд нь зөвлөнө. Харин саяын тэмцээнд надад голлож дасгалжуулсан хүн бол Д.Алтанцацрал багш.
-Г.Угалзцэцэг багштайгаа баярт мөчөө хуваалцсан уу?
-Утсаар л ярилаа. Багш “Баяр хүргэе. Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье” гэсэн. Гэхдээ би тэгж их баярлахгүй байгаа.
-Яагаад?
-ДАШТ мэдээж маш том тэмцээн. Гэхдээ миний хажууд дэлхийн дөрвөн удаагийн аварга багш маань байна шүү дээ. Энэ дийлдэшгүй хүнийг харахаар ханах бодол төрдөггүй юм.
-Таныг багштайгаа хамт Америк явах гэснээ болиод Узбекистанд болсон тэмцээн рүү явсан гэж дууллаа?
-Тийм ээ. Багштайгаа “Мистер олимпиа” тэмцээнд оролцохоор зэхэж байтал виз гараагүй, тэгээд Узбекистан явсан.
-Виз чинь гараагүй нь ч болж. Та дэлхийн аварга боллоо?
-Харин тэглээ (инээв). Гэхдээ ирэх жил ДАШТ-д дахин өрсөлдөх бодолтой байгаа. Алтан медалиа батлахыг хүсч байна.
-ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүж, төрийн дуулалаа эгшиглүүлэх тэр мөч хамгийн сайхан биз?
-Тэмцээний сүүлийн өдөр манай багийн есөн хүн нутаг буцаж, гурав нь тэнд үлдсэн. Нислэгийн хуваарь тэгж таарсан юм. Надад болон нөгөө хоёрт маань өндөр хариуцлага буусан. Миний оролцсон жин, ангилалд тэмцээн зохион байгуулагч орны долоон тамирчин өрсөлдсөн. Ширүүхэн өрсөлдөөн гарах нь гэж бодсон. Гэхдээ намайг гэх олон хүний итгэлийг алдалгүй заавал түрүүлэх юм шүү гэдэг бодол төрж байлаа. Дэлхийн медалийн тавцанд төрийн дуулал маань эгшиглэх тэр агшин хамгийн сайхан.
-Цар тахлын үед үзэгчгүй болсон тэмцээн танд ямар санагдав?
-Би олон хөгжөөн дэмжигчтэй хүн шиг тайзан дээр гарсан (инээв). Өөрийнхөө сэтгэл зүйг тэгж өргөж байгаа юм.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй хүн бэ?
-Телевизийн найруулагч. Магистерт сурч байхдаа ETV телевизэд ажиллаж байсан. Одоо бол “Champ Fitness” клубтээ багшилдаг.
-Шинэхэн дэлхийн аваргын маань дараагийн зорилго нь?
-Ирэх оны нэгдүгээр сард болох улсын аварга шалгаруулах тэмцээн байна. Бэлтгэл сургуулилтаа сайн хангаж байгаад энэ тэмцээндээ орох бодолтой байгаа.
Б.Жаргал