Монголын боксын шилдэг тулаанч, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн бокст хүч үзэх гэнэ. Хаашдаа монголоо төлөөлөн сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй болсон болохоор тэр нь ч зөв. Түүнд мэргэжлийн бокст өндөр амжилт гаргах нас, туршлага аль аль нь бий. Тэгэхээр энэ бол түүнд олдож буй алтан боломж. Үүний өмнөхөн Киргизстаны нэрийн өмнөөс ДАШТ-д оролцуулах тухай санал ирсэн.
Киргизстаны нэрийн өмнөөс олимпод оролцох боломжтой тухай дурдсан гэнэ. Гэвч Э.Цэндбаатар тэдэнд татгалзсан хариу өгөөд явуулжээ.
Шалтгаан нь тэр удахгүй мэргэжлийн боксоор тулалдана. Бэлтгэл сургуулилтаа ч зөвхөн үүнд зориулж буй. Мэргэжилд орох тухайгаа олимпын дараа ам алдаж байлаа. Э.Цэндбаатарыг буруутгах аргагүй юм. Тэр сонирхогчдын боксын увайгүй шүүгч нарын булхайтай шүүлтэнд хангалттай золиослогдсон. Одоо түүний өмнөө тавьсан гол зорилго бол мэргэжлийн бокст “од” болон гялалзах. Тэр боксын рингэнд анх хөл тавьсан мөчөөс яг үүнийг хүсч байсан нь лавтай. Өнөөх Д.Лхагваа, Ч.Цэвээнпүрэв, Н.Төгсцогт ах шигээ шилдэг нь, аварга нь болох зорилго түүнд үлдэж байна. Тэр мөрөөдөлдөө одоо л нэг хүрээсэй.
Б.Жаргал
Сэтгэгдэл (8)