Тайландын Бангкок болон Чонбури хотуудад Азийн олимпын зөвлөлийн ивээл дор Азийн танхимын болон тулааны спортын зургадугаар наадам болно. Монголчууд тус наадамд усанд сэлэлт, 3х3 сагсан бөмбөг, бадминтон, бильярд, боулинг, хөгжөөн дэмжигч спорт, шатар, хананд авиралт, бүжгийн спорт, е-спорт, футзал, хөнгөн атлетик, сэлүүрт завь, жюү-жицү, каратэ, кикбокс, кураш, муай-тай бокс, самбо, буудлага, скейтборд, таеквондо, волейбол, агаарын спорт зэрэг төрлөөр өрсөлдөх боломжтой.
Тэмцээнд оролцогчдын бүртгэлийг ирэх сарын 1-нд эхлүүлэх гэнэ. Азийн олимпын зөвлөлийн 45 орноос гадна далайн орнуудын төлөөлөл 18, нийт 63 улс өрсөлдөх юм. Манай тамирчид 2017 онд Туркменистаны Ашгабат хотноо болсон өмнөх наадмаас таван алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртэж, багийн дүнгээр 63 орноос 13 дугаар байрт бичигдэж байв.
Б.Жаргал