Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн олимпын оноо олгох их дуулга тэмцээн энэ сарын 16-17-нд болно. Тэмцээнд Монгол улсаас урьдчилсан байдлаар 18 бөх зодоглохоор нэр мэдүүлжээ. Олимпоос хойшхи анхны их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд, 66 кг-д Б.Нармандах, 73 кг-д “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар, О.Уранбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Б.Гончигсүрэн, О.Хангал, +100 кг-д Б.Бат-Орших нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн хүч үзэх юм байна. Тус тэмцээнд гавьяат тамирчин М.Уранцэцэг, Д.Сумъяа, Д.Амартүвшин, С.Моллай, У.Отгонбаатар нарын шилдгүүд өнжиж аж. Гурван жилийн дараа олимпын наадам болох татамид манайхан залуу бүрэлдэхүүнээ сонгож оролцуулж буй нь нэгийг бодсон хэрэг биз ээ.
Б.Жаргал