2013 оны хавар юм даг. Бөхийн спорт олимпоос хасагдах аюулын харанга дэлдээд байсан үе л дээ. Дэлхий даяарын бөхийнхөн үүний эсрэг санаа бодлоо чиглүүлж билээ. Тэрхүү цаг мөчид Эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээн Улаанбаатарт болвоо. Бидний таван анд 2013 оны 2-р сарын 21-нд цуглаад хэрхэн энэ үйлсэд сэтгэлээ нэмэрлэх, Дэлхийн цомыг яаж ашиглаж акц хийх талаар ярилцав. “Төрийн төлөөх оготно” болж байгаа хэрэг. Биднийг үүнд хэн ч албадаагүй. Хайртай спортынхоо төлөө л сэтгэлээ чилээж байгаа юм. Бямбажавын Баттулга, Буриадын Эрдэнэбаяр, Сүрэнчулууны Чинбат, Цэдэвийн Шинэндэнцэл болон Бямбаагийн Цагаанбаатар миний бие. Бүгдээрээ хүүхэд бага насандаа чөлөөт бөхөөр хичээллэсэн нэгэн үе тэнгийнхэн. Нөгөө дөрөв маань өсвөр, залуучуудаас Улсын АШТ-ий медальтай, мундаг бөхчүүд.
Би нь хоёр жил хичээллэж, ганцхан тэмцээнд ороод л трикогоо хураасан жул бөхөнцөр. Тэгээд ярилцаж тохирсны дагуу хэд хэдэн баннер хийж Буянт-Ухаа спортын ордонд өлгөх, орон орны тамирчдаар олимпийн таван цагариг бариулж алхуулах, үзэгчдийг уриалах, телевизийн нэвтрүүлэгт оролцох, фэйсбүүкийн пэйж (https://www.facebook.com/5avewrestling) болон ЧӨЛӨӨТ БӨХ групп (https://www.facebook.com/groups/427588800655499) нээх гэх мэт олон ажил төлөвлөв. Өөрсдийн хэмжээ боломжоор, ажил амьдралынхаа зав чөлөөнд, хувь хувиасаа хэдэн төгрөг гаргаж хийнэ. Бас Чөлөөт бөхийн холбоо, тэмцээний Зохион байгуулах хороотой ярилцаж ойлголцох хэрэгтэй. Зөв зүйтэй, хандлага өөдрөг санаа юм болохоор ажил бүтсэн, бүтсэн. Сайхан анд нөхдийн минь сэтгэл шингээд бүр ч дажгүй. Ямартай ч Монголчууд бөхийн спортод элэгтэйг бусад орныхонд нотлохоор ингэж оролдож байлаа. Найман жилийн өмнөхийг дурссан гол шалтгаан нь зөвхөн энэ биш. Бид тавын “Миний мөрөөдлийг авраач” баннерийн гол дүрд хоёр хүү тоглосон.
Тухайн үед тэдний хэн байсныг нь төдийлөн анзаараагүй л дээ. Б.Баттулга маань өөрийн “Арслан” клубийнхээ хүүхдүүдээс Ц.Гантөгс багшийн 15 настай хоёр шавийг оролцуулан зураг авч билээ. Тэдний нэг нь хожим дэлхийн хүчтэн болох ерөөлтэй Т.Тулга (хөх трикотой), нөгөө нь Амарбат (улаан трикотой) байжээ. “Миний мөрөөдлийг авраач” хэмээн тэргүүнээ бөхийлгөж гуйсан Тулга хүү тэр цагт бөхийн спортыг олимпод үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулаад зогсохгүй Токио-2020 олимпод эрхээ аван ороод шаггүй барилдаж, 2021 оны Ослогийн ДАШТ-ээс хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна. Энэ ялдамд 2013 оны хавар нэгэн үйлсийг хамтран бүтээсэн андууддаа, дүү нартаа талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Спортын сэтгүүлч Б.Цагаанбаатар