“Осло-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр өндөрлөлөө. Зуны олимпын наадмын дараа болж буй анхны тэмцээн энэ байв. Энэ тэмцээнд манай багаас хоёр эрэгтэй бөх хүрэл, дөрвөн эмэгтэй нь хүрэл медалийн тавцанд зогслоо. Бахархмаар амжилт. Монголын чөлөөт бөхийн баг тамирчид дэлхийн дэвжээнд нэг дор зургаан медаль хүртсэн түүх үүнээс өөр үгүй юм. Ингээд зогсохгүй эмэгтэй бөхчүүд багаараа 34 орноос 78 оноогоор хүрэл цом хүртэв. Хамгийн сүүлд манай охид 2013 онд Унгарын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-д багаараа дэд байр эзэснээс хойш анх удаа шагналын тавцанд зогсч байна.
Осло хотыг зорьсон манай баг тамирчдын 50 хувь анх удаа ДАШТ-д хүч сорьж буй бөгөөд 23-аас доош насны залуус байлаа.
Эндээс харахад Монголын чөлөөт бөхийн “Парис-2024” олимпын ирээдүй өнгөлөг байна. Дэлхийн шинэхэн зургаан медальтан маань бүгд олимпын жинд медаль авсан нь онцлууштай зүйл болов. Тэдний тав нь анх удаа дэлхийн медальтан болжээ. Бас ДАШТ-д зодоглосон Монголын 20 бөхөөс ес нь медалийн төлөө барилдсан нь муугүй амжилт. Б.Шоовдорын хувьд дөрвөн жил дараалан медалийн төлөө барилдаж, гурав дахь медалиа авсан нь хосгүй амжилт билээ.
Эрэгтэй багийн дүн
1.ОХУ 173
2.АНУ 168
3.Иран 162
4.Гүрж 68
5.Турк 58
6.МОНГОЛ 56
7.Беларусь 45
8.Азербайжан 42
Эмэгтэй багийн дүн
1.Япон 196
2.АНУ 147
3.МОНГОЛ 78
4.Украин 73
5.Энэтхэг 67
6.Кыргызстан 65
7.ОХУ 64
8.Болгар 49
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)