“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө. Өнөөдөр дагахад барилдсан манай гурван бүсгүй бүгд ялалт байгуулснаар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов. 72 кг-ын жинд Дэлхийн цэргийн спортын наадмын хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан дагах барилдаанд 2020, 2021 оны насанд хүрэгчдийн Азийн хошой аварга Энэтхэгийн Дивья Какраныг 6:2-оор яллаа. Тэрбээр хүрэл медалийн төлөө барилдаанд Германы Анна Шеллтэй хүч үзнэ.
Харин 59 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Тэрбээр дагахад Казахстаны Диана Кайюмоваг ялснаар сүүлийн дөрвөн удаагийн дэлхийн аваргад дараалан медалийн төлөөх барилдах юм.
Б.Шоовдор шөнө дэлхийд гурав дахь медальтай болох эсэхээ шийдэх барилдаанд АНУ-ын Майя Нильсонтой хүч үзнэ. Мөн 57 кг-ын жинд Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд өнгөрсөн жилийн ЕАШТ-ий мөнгөн медальт Украины Соломиа Винниктэй хүч үзэх юм.
Б.Жаргал