“Токио-2020” зуны олимпын наадам өндөрлөөд сар гаруйхны хугацаа өнгөрлөө. Олимпын дараа Монголын тамирчид тив, дэлхийн спортын тавцанд чамлахааргүй амжилт үзүүлжээ. Тухайлбал, Дугуйн спортын ДАШТ-д С.Жамбалжамц 94 дүгээр байрт хурдлав. Монголыг төлөөлж уралдсан цор ганц тамирчин юм. Тэр ардаа 101 тамирчныг орхисон. Түүний хувьд Азийн чансааны гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Дараа нь хойд хөршийг зорьон манай ширэн бээлийтнүүд Цэргийн ДАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар зургадугаар байрт жагслаа.
Энэ тэмцээнээс Х.Энх-Амар, Т.Болортуул нар мөнгө, Х.Энхмандах хүрэл медаль хүртсэн. Тэд удахгүй ДАШТ-д хүч үзэх юм.
Мөн АНУ-д болсон байт харвааны ДАШТ-д Монголын харваачид зургаан хүний бүрэлдэхүүнтэй оролцоход Д.Дашнамжил 32 дугаар байрт орсон нь манай тамирчдын хамгийн өндөр амжилт болов.
Олимпын дараа болж буй ДАШТ байсан тул бусад орны тамирчдын бэлтгэл сургуулилт тун сайн байлаа. Ширээний теннисчид маань Катарын нийслэл Доха хотод болсон Ази тивийн тэмцээнд зургаан тамирчинтай оролцохо эмэгтэй баг 13 дугаар байрт орж, Г.Сэр-Од ганцаарчилсан төрөлд 32 дугаар байрт шалгарсан. Ширээний теннисний хувьд энэ муугүй амжилт.
Харин энэ өдрүүдэд “Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ болж байгаа бөгөөд манай баг тамирчид одоогийн байдлаар дөрвөн хүрэл медаль хүртлээ. Тэмцээний 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл медалийн салхи хагалсан бол араас нь 65 кг-д Т.Тулга, 62 кг-д Э.Гантуяа, 60 кг-д Д.Отгонжаргал хүрэл медалийн тавцанд зогсов. Ингэснээр манай чөлөөт бөхийн баг тамирчид ойрд үзүүлээгүй өндөр амжилт байгуулж, эх орондоо ирэх нь. Харин бодибилдингийн баг тамирчид илүү гялалзсан амжилт байгуулжээ.
Бодибилдинг, фитнессийн ДАШТ-д Монголын тамирчид 10 медаль авлаа. С.Дуламрагчаа, Д.Бадамханд, Э.Лхагва-Очир нар алтан медаль хүртсэн нь бахдалтай байв.
Бодибилдингчдын амжилт үүгээр дууссангүй. АНУ-ын Орландо хотод болсон мистер олимпиа тэмцээнд өрсөлдсөн Г.Дорж алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлжээ. Тэр Монголын баг тамирчдын тус тэмцээний дөрөв дэх медалийг эх орондоо авчирлаа. Тэгвэл энэ өдрүүдэд хүндийн өргөлтийн өсвөрийн ДАШТ-д Монголын хоёр тамирчин өрсөлдөж байгаа бол жүдо бөхийн төрөлд манай цагаан өмсгөлтнүүд өргөн бүрэлдэхүүнтэй зодоглож байна. Удахгүй боксын ДАШТ-д есөн тамирчин тулалдахаар зэхэж байгаа билээ.
Б.Жаргал