Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хоригдлуудын дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах тэмцээн цахимаар зохион байгуулах гэж байна. Анхдугаар тэмцээнийг Олон улсын шатрын холбоо, Чикаго хотын хорих байгууллага хамтран зохион байгуулах юм байна.
Энэ тэмцээнд 32 орны 40 баг өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулжээ.
Сонгон шалгаруулалтыг өнгөрсөн сарын 21, 29-ний өдөр зохион байгуулж, 415, 419, 423, 247, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн есөн хоригдлыг сонгон шалгаруулсан байна. Монгол Улсаас оролцох дээрх есөн тамирчдын бэлтгэл сургуулилтыг их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг хариуцах ажээ. Тус тэмцээн энэ сарын 13-14-нд болно.
Б.Жаргал