ОХУ-ын нийслэл Москва хотод гардан тулааны спортын ДАШТ энэ сарын 22-24-нд болно. Тэмцээнд 17 орны баг тамирчид өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас цэргийн гардан тулааны “Десант бамбар” клубын захирал Д.Ганбаатарын удирдлага дор зургаан тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөнө. Тухайлбал, тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга, Азийн цомын хошой аварга, Бүх оросын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Наадам, мутай, жиүжицү бөхийн улсын аварга Б.Гантогтох, жиү жицү бөхийн Азийн аварга А.Гантүлхүүр, эмэгтэйчүүдийн ангилалд ушу, мутайн спортын улсын аварга Н.Мягмарсүрэн нар өрсөлдөнө.
Н.Мямарсүрэн нь Монголын багийн цор ганц эмэгтэй тамирчин нь. Мөн өсвөр үеийнхний ангилалд С.Нямпилжээ, Б.Алтансүх нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын баг тамирчид тус тэмцээнд анх удаа оролцох гэж буй нь энэ юм. Багийн бүрэлдэхүүнд буй С.Нямпилжээ бол “Токио-2020” парлимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү юм байна. Дашрамд дуулгахад, цэргийн гардан тулааны “Десант бамбар” клубт гавьяат тамирчин Э.Содномпилжээ болон Зэвсэгт хүчний бэлтгэл хошууч Б.Батгүн нар ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлдэг болохыг дасгалжуулагч, тамирчид нь онцолж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)