Өчигдөр өвлийн спортын анхны “Степп Арена” ордон нээлтээ хийв. Энэ бүтээн байгуулалт монголд анхдагч юм. "Мөсөн өргөө" төслийг санаачлагч Пунцагийн Цагааны сэтгэгдлийг хүргэе.
Бид долдугаар сард энэ ордондоо мөсөө тавьж, тоног төхөөрөмжөө тохируулах үүднээс хоккейн тамирчдыг урьж гулгуулж үзсэн. Тэд баярласандаа үг унагаж чадахгүй байна билээ. Тэднийгээ хараад хүнд хэрэгтэй, олны хүсэн хүлээсэн зүйлийг санаачилж гэж бодсон. Зарим хүн “Зөвхөн гадаадад байдаг зүйлийг монголдоо хийж болдог байна” хэмээн хэлэх нь надад болон хамтран зүтгэгчдэд минь урам өгсөн. Энэ ажлыг санаачлах нэг хэрэг. Санаачилсан зүйлээ үр дүнтэй гүйцэтгэх нь олон хүний хүч, дэмжлэг ордог ажил байна.
Надад итгэж энэ ажилд хөрөнгө оруулсан болон хамтарсан монгол, гадаадын олон хүний хүч хөдөлмөрт талархаж байна. Бид олуулаа хамт байж энэ төслийн ард гарч чадлаа. Энэ хүртэл явсан зам маань тийм ч дардан байгаагүй юм. Цар тахал, хөл хорио, үнийн өсөлт бол энэ ажлыг явуулахад үнэхээр саад болсон. Мөн зарим хүн энэ ажлыг зогсоохыг зориуд хичээж байсан. Хэдий ийм зүйлтэй тулгарсан ч сайн хүмүүсийн дэмжлэг, зөв хандлага, манай туршлагатай хамт олны дэм тусаар энэ бүхнийг даван гарлаа. Төлөвлөсөн хугацаандаа чанартай барьж, байгуулж чадлаа.
Сэтгэгдэл (8)