Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё өндөрлөөд гурав хонож байна. Энэ хугацаанд монгол сүмочид маань бид бүхэнд баяр, гуниг, харамсалтай мэдээ дуулгасан гурав хоног өнгөрөв. Ням гаригт Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 13 даваатай эзэн хааны цомыг тав дахь удаагаа авсан нь баярт мэдээ нь. Тэр ёкозүна болсныхоо дараах башёд түрүүлсэн ес дэх аварга цолтон болсон.
Харин маргааш өглөө нь их сүмогийн дэвжээнд хэний ч хүрээгүй амжилтыг байгуулаад буй ёкозүна Хакүхо М.Даваажаргал зодог тайлах болсон нь олон хүнд гуниг төрүүллээ. Түүний их спортын замнал 36 нас хүрээд өндөрлөж байна.
Харин өнөөдөр 28 настай Ичиножо А.Ичинноров иргэншлээ солихоо албан ёсоор дуулгав. Тэр сүүлийн таван башёгийн дөрөвт нь качикоши хийсэн юм. А.Ичинноров монгол иргэншлээ сольсон анхны сүмоч биш. Өмнө нь А.Цэвэгням, Б.Дашням, М.Даваажаргал, А.Хүчитбаатар, Г.Ган-Эрдэнэ нарын сүмоч япон иргэншил авсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (17)