Монголын ард түмэнд өвлийн спортыг Зөвлөлтийн мэргэжилтнүүд анх танилцуулсан түүхтэй. Харин өвлийн олимпын замнал нь 1964 онд Инсбрукийн олимпод монгол тамирчид оролцсоноор эхэлсэн гэдэг. Бүхэл бүтэн жаран тээсэн мөрөөдөл биелэлээ оллоо. Тийм ээ, монголчуудын мөрөөдөл биелэх мөсөн өргөө үүд хаалгаа нээв. Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хороололд өвлийн спортын анхны бүтүү дээвэртэй “Степп Арена” ордны нээлтийн ёслол өчигдөр болсон билээ. "Шоовдорлогдсон" өвлийн спортынхон энэ мөчөөс эхлэн өөрийн гэсэн стандарт талбайдаа бэлтгэл сургуулилтаа хэний ч гар харахгүй хангах нь. Тэд магнайгаа хагартал баярлах нь аргагүй.
Энэ барилга байгууламжийг барьсан газар бол цагтаа монгол наадмын хурдан морины уралдаан өрнөж байсан буянтай, өгөөжтэй хүй цугласан газар байлаа. Ордны нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Монгол Улсад суугаа Элчин сайдууд хүрэлцэн ирсэн нь бахдал төрүүллээ. Энэхүү ордны барилгын шавыг 2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тавьсан юм. Тэр үед энэ барилгыг ийм богино хугацаанд сүндэрлэнэ чинээ төсөөлөөгүй. Зарим нь үнэхээр “мөрөөдөл” хэмээн хэлсэн ч удаатай. Тэгвэл тэр өдрөөс хойш цар тахлын сорилт, цас, бороог үл ажран барилга угсралтын ажлыг тасралтгүй 898 хоног цаг наргүй хийж гүйцэтгэснээр “Степп Арена” ордон өнөөдөр эхний зочидоо хүлээн авч байна. Мөрөөдөл биелэлээ олсон нь энэ.
Бүтээн байгуулалтын гол ажлыг гавьяат барилгачин Б.Жүгдэрийн удирдсан “Улаанбаатар барилга” компаний ажилчид хийж гүйцэтгэжээ. Энд өвлийн спортын шаардлага хангахуйц бүх зүйл байх аж. Төслийг хэрэгжүүлэхэд үндэсний 95 компани, гадаадын зургаан компани хамтран гүйцэтгэсэн ба 1600-аад инженер, техникийн ажилтны нөр их хөдөлмөр шингэсэн нь илт. Мөсөн ордны тогтмол суудлын тоо 2600 бөгөөд 1000 орчим суудал нэмэх боломжтой юм байна. Монгол бөхийн өргөөний үзэгчийн суудалтай дүйцэхүйц хэмжээний хүн хүлээн авна гэсэн үг. Мөсөн өргөөний дэвжээ нь гэхэд 30х60 метрийн хэмжээтэй. Энэ нь Олон улсын олимпын хорооноос тавьсан стандарт талбай юм. Тэгэхээр монголчууд олон улсын өвлийн спортын ямар ч тэмцээн уралдааныг эх орондоо хүлээн авч болох нь.
Монголчууд хэний ч өмнө нүүр улайхааргүй сайхан ордонтой болжээ. Гадна талаас нь ажиглабал, мөсөн талбайд нарны шууд тусгал оруулахгүйн тулд урдаа цонхгүй барьсан байх юм. Бүтээн байгуулалтын үеэр олон талын судалгаа хийжээ. Явган хүний саравч дээр 60 квт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр суурилуулснаар дотор гэрэлтүүлэгийг 70 хувь хангаж, цахилгаан эрчим хүч хэмнэх нь тэмдэглүүштэй. Харагдах байдлаараа хоккейн шавийг дүрсэлсэн бол архитектурын шийдэлээ үндэсний элементүүдийг шингээн бүтээжээ. Сүм хийдийн багана, дамнуургыг орчин үеийн хийцлэлд тохируулан бүтээсэн гэж албаны хүн хэлж байна.
Мөсөн талбайг дөрвөн цагийн дотор өөрчилж, ордны үйл ажиллагааг богино хугацаанд солих боломжтой шал дэвсэхээр төлөвлөсөн бөгөөд ямар ч урлагийн тоглолт, спортын арга хэмжээг зохион байгуулах давуу байдал ажиглагдлаа. Ирэх онд манай өмнөд хөршийн нийслэл Бээжин хотод өвлийн олимпын наадам болох бөгөөд урьтаж стандарт бүхий ордонтой болсон нь цаг үеэ олсон ажил гэлтэй. Тэгэхээр өвлийн спортын баг тамирчдын маань бэлтгэл сургуулилт хийх таатай орчин бүрдэж байгаа юм. Цаашид хүүхэд, залуус ч энэ спортоор эрчимтэй хичээллэх хүсэл эрмэлзлийг төрүүлж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)