Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, “Токио-2020” зуны олимпын наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, Паралимпын наадамд зургаан төрлөөр 11 тамирчин оролцож, нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад Токио-2020 паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Токио-2020 олимпын наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин С.Моллай, Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар нар оролцлоо.
Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяагийн хувьд ДАШТ-д оролцохоор Норвегийн Осло хотыг зорьсон тул эзгүй байлаа. Уулзалтын үеэр БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц хэлэхдээ: “Гурван жилийн дараа болох Парис-2024 зуны олимпын наадмын бэлтгэл ажилд БТСУХ спорт холбоодоо дэмжин ажиллаж, хамтдаа Монгол Улсын Төрийн дууллыг олимпын тэнгэрт олон удаа эгшиглүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе” гэж онцоллоо.