Төрийн ордон: 2021.09.27
Японы нийслэл Токио хотод зуны олимп болон паралимпын наадам ёслол төгөлдөр болж, Монголын баг тамирчид таван медальтай ирэв. Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимп, парлимпын наадамд онцгой гавьяа байгуулж, медаль хүртсэн таван тамирчинд мөнгөн урамшуулал олгож, орон сууцаар мялаалаа. Монгол Улсын Засгийн газар өмнө нь тамирчидаа ингэж өндрөөр шагнасан удаагүй юм. Мөн дасгалжуулагчидаа ч мартсангүй. Онцлууштай нь олимп шүүсэн дөрөв, паралимп шүүсэн нэг шүүгчийг 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулав.
Спортын шүүгчийн нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн бодит үйлдэл энэ болов. Гэхдээ “Токио-2020” олимпын наадамд манай улсаас таван шүүгч ажилласан бөгөөд боксын шүүгч О.Мандахбаяр хоосон үлдэж байна. Шагнал олгох үеэр хөтлөгч түүний нэрийг зарлаагүй. Ямар учраас түүнд шагнал олгоогүй гэдгээ ч тайлбарлаагүй. Тэгвэл О.Мандахбаяр нь олимпын наадмын боксын тэмцээн дөнгөж эхэлж байхад япон улсаас хөөгдөж ирсэн. Энэ талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. Түүнийг олимпын рингэнээс хөөгдсөнийг боксын холбооны дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган хүртэл баталсан бөгөөд хөөгдсөн шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна гэдэг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн олимп шүүсэн шүүгч нарт гардуулсан батламж дээр бичсэн үгийг хүргэе.
Зургийн тайлбар: AIBA-гийн 3 одтой шүүгч О.Мандахбаяр
“Хүн төрлөхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд шүүгчийн эрхийн болзол ханган дэлхийн шилдэг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн тэмцээнийг шударгаар дэнслэн шүүж, эх орныхоо нэрийг цуурайтуулан дэлхий дахинд сурталчилан таниулж, ирээдүй хойч үе, ард иргэдэд эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, чадварлаг байхын үлгэр дууриалалыг өөрийн биеэр үзүүлсэн хувь нэмэрийг тань өндрөөр үнэлж, 10 сая төгрөг, батламж хадгалуулав” гэсэн юм. Боксын шүүгч О.Мандахбаяр Ерөнхий сайдынхаа хайр хишгийг хүртээгүй шалтгаан энэ юм. Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байж чадаагүй, шударга байдлыг эрхэмлээгүй болохоор түүнийг шагнахгүй байх нь аргагүй биз ээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)