Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар өчигдөр спорт холбоодын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр спортын холбоодын төлөөлөл “Ковид-19” цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хумигдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болсноос гадна энэ нь тамирчдын амжилтад ч нөлөөлж байгааг онцолсон юм. Иймээс цаашид спортын тэмцээн, уралдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлан хэрхэн зохион байгуулж болох талаар хэлэлцсэн юм. Эхний ээлжинд мэргэжлийн спортын тэмцээнийг тухай бүр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үе шаттайгаар зохион байгуулах нэгдсэн шийдэлд хүрлээ. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид лигийн тэмцээнийг зохион байгуулна гэсэн үг. Ингэхдээ хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх юм. Хотын даргын хувьд спортын үйл ажиллагааг, нийтийн биеийн тамирыг аль болох дэмжих бодлого барьж ажиллана. Гэхдээ цар тахал амаргүй байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмийг нэн тэргүүнд, сайтар баримталж, зохион байгуулалтад анхаарч ажиллах нь чухал. “Хариуцлагын гэрээ” бол аж ахуйн нэгжээ дэмжих, нэг ёсондоо итгэлцлийн гэрээ юм гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.