Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Америк орныг зорихынхоо өмнө зарим бөхөд улсын цол, чимэг нөхөн олгох зарлиг гаргасан билээ. Юу гэхээр 2019, 2020 оны Улсын баяр наадмаар допинг хэрэглэсэн болох нь тогтоогдсон таван бөх байдаг ба тэдэнд унасан бөхчүүд улсын цол, чимгээ нөхөж авах юм. Ингэснээр улсын арслангаас бусад цолтон төрөх нь. Хамгийн азтай нь Н.Батсуурь. Ямартаа ч түүний Улсын баяр наадмын түрүү энэ үеэс гурав болох нь ээ. Өмнө нь допингийн асуудлаас үүдэж даян аварга цолтон төрсөн удаагүй.
Үүнээс хойш 2019 оны Улсын баяр наадмын түрүү бөх (Э.Оюунболд)-ийн нэрийг өөрчилж, Н.Батсуурь хэмээн түүхэнд бичиж үлдээх юм. Бас нэг юм бий. 2014 оны Улсын баяр наадмаар начин цол хүртсэн Балжиннямын Суманчулуун допингийн балгаар Цагаан сарын баярын өмнө цолоо хураалгаж байв. Тэрбээр энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол мэдүүлсэн гэдэг. Уг нь олон улсад допиингийн хариу бол эцсийн шийдвэр гэж хатуу мөрддөг. Тэгвэл монголд арай өөр зүйл болсон.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны зургадугаар сарын 24-нд зарлиг гаргаж, “Нийслэлийн Захиргааны хэргийн анхны шатны шүүхийн 2015 оны 785 дугаар шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар зарлигийг хүчингүй болгож, Найдангийн Адъяабат, Балжиннямын Суманчулуун нарын цолыг хасаагүйд тооцсугай” хэмээсэн. Б.Суманчулуун ингэж улсын цолтны их айлд бүл нэмсэн гэдэг. Бас болоогүй, түүний өнгөрсөн жилийн баяр наадмын амжилтыг ч авч хэлэлцэж магадгүй. Учир нь өнгөрсөн жил түүнийг давсан Н.Батсууриас допинг илэрсэн бөгөөд түүнд унасан бөхчүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цол олговол Б.Суманчулуун өсөх идэр начин болох билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)