АНУ-ын Орландо мужид бодибилдинг, фитнессийн олимпиа ирэх сарын 5-7-нд болно. Тус спортын олимп гэж нэрлэж болох энэ тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, түүний охин М.Мойлоо, залуу тамирчин Т.Анжела нар өрсөлдөх бөгөөд тэд дасгалжуулагчгүй оролцоно. Уг нь манайхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох байсан боловч зарим тамирчны виз гаргаагүй гэв. Монголын багийн гурван тамирчны хамгийн туршлагатай нь болох Г.Угалзцэцэг бол бодибилдинг, фитнессийн дэлхийн дөрөв, Ази тивийн гурван удаагийн аварга юм. Харин М.Мойлоо насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай тамирчин. Тэгвэл Т.Анжелагийн үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медаль юм. Баг тамирчид өнөөдөр эх орноосоо хөлгийн жолоо залжээ.
Б.Жаргал