“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртэж, наран улсын тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа намируулсан цор ганц монгол тамирчин бол гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ юм. Түүний паралимпад тогтоосон энэхүү амжилтыг үнэлж, Г.Ган-Эрдэнэ захиралтай “Бүрх малгай” ХХК-ийн хамт олны зүгээс бэлэг барих гэнэ.
Г.Гансүх бол гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй хамт бэлтгэл сургуулилт хийж байсан ба нэг багшийн шавь нар. Энэ хүн Пилжээ гавьяатыг алтан медаль авахад маш их баярласан даа.
Тэрбээр гавьяатыг паралимпын аварга болдог өдөр битүү дотортой булган дээл урлаж өгөхөө амласан бөгөөд өчигдөр дээлний хэмжээг нь тааруулан авсан байна. Г.Гансүх бол Монголын улстөр, урлаг, спортын салбарын олон алдартны дээл болон малгайг гоёмсог урласан уран хүн.
Түүний оёсон малгай, дээлээр олимпын аварга Н.Түвшинбаяр, ёкозүна Хакүхо М.Даваажаргал, олимпын мөнгөн медальт Д.Сумъяа тэргүүтэй эрхэмүүд гангардаг. Мөн Дэлхийн банкны захирал, НҮБ-ны ерөнхий нарийн бичгийн дарга нарт монгол үндэсний өмсгөл зэхэж өгсөн гэдэг.
Г.Гансүх нь пара пауэрлифтингийн олон тэмцээнд амжилттай оролцож, ОУХМ цолтой ба ДАШТ-д хүч үзэж явсан ясны тамирчин юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (7)