ОХУ-ын нийслэл Москва хотод сонирхогчдын боксын Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд 36 орны нийт 462 тамирчин өрсөлдөж байна. 58 дахь удаагийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Гантулга, туслах дасгалжуулагч Ж.Отгонбаяр нарын удирдлага дор “Алдар” спорт хорооны найман ширэн бээлийтэн хүч үзэж буйгаас дөрөв нь ялалтаа авсан бол нөгөө дөрөв нь хоосон ирэх нь баттай болов.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Х.Энхмандах, 56 кг-д Универсиад наадмын алтан медальт, Азийн аварга Х.Энх-Амар, 60 кг-д О.Тулга, эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд Азийн аварга Т.Болортуул нар ялалт байгуулсан байна. Сонирхолтой нь О.Тулгаас бусад нь нэг гэр бүлийн боксчид. Тэд бүгд хүрэл медалийн төлөө тулалдах юм.
Харамсалтай нь 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д С.Жавхланбаяр, 51 кг-д М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар тэмцээнээ эрт дуусгав. Тэр тусмаа Б.Чинзориг дэндүү эрт санагдана.
Жиндээ түрүүлэх таамагт зүй ёсоор нэрлэгдэж байсан түүний Казахстаны боксчинтой хийсэн тулааны шүүлт олон хүнд эргэлзээ төрүүлсэн байна. Гэвч энэ асуудлаар манай талаас гомдол гаргаагүй гэнэ. Тэгвэл “Белград-2021” боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх сорилд гавьяат тамирчин Э.Цэндбаатартай хүч үзэх О.Тулга Шри Ланкийн тамирчин Жванта Бамунутыг илт давуу ялсан байна. Түүний дараагийн учраа нь Алжирын боксчин юм. Тэдний ялсан нь Армийн ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангах билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)