Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс “Белград-2021” боксын ДАШТ-ий 60 кг-ын жинд өрсөлдөх тамирчны дунд нэмэлт сорилт тэмцээн явуулах шийдвэр гаргалаа. Эхний сорилд О.Тулга жингийнхэндээ илүүгээ харуулсан бол Э.Цэндбаатар холбооныхоо удирдлагуудаас уучлал эрэн сорил явуулах шийдвэр гаргуулж чадлаа. Тэдний дунд нэмэлт сорилт тэмцээн зохион байгуулах шударга бус. О.Тулга саяхан сорил тэмцээнд амаргүй тулаан хийсэн, өдгөө олон улсын чансаа өндөртэй тэмцээнд хүч үзэж яваа.
Түүнд дахин сорил тэмцээнд оролцох нь аль ч талаараа ашиггүй тусна. Харин Э.Цэндбаатар бол том тэмцээний өмнө согтууруулах ундаа хэрэглэж, бусармаг үйлдэл олон гаргасан. Монголын боксын холбооны удирдлагууд Э.Цэндбаатарыг Белград явуулахгүй гэсэн шийдвэрээ долоо ч хонолгүй өөрчилж байгаа энэ. Тэр өмнө нь монголчуудынхаа итгэлийг нэг бус удаа алдсан. Дахин алдаа гаргахгүй гэх баталгаагүй билээ. Ийм байтал Х.Нямбаатар тэргүүтэй боксын холбооны удирдлагууд түүний толгойг дахин илэх нь буруу. Спортод бол шийдвэр хатуу үйлчилдэг байх ёстой. Холбоо нь сахилга батгүй тамирчиндаа энэ мэт боломж олгосоор байвал монголд ёс зүйтэй тамирчин бэлтгэгдэнэ гэдэг хэцүү.
О.Тулга бол “Парис-2024” олимпын наадмын Монголын багийн яах аргагүй ирээдүй байлаа. Түүнийг эртнээс том тэмцээнд оролцуулсан бол залуу хүн туршлага олж авах байв. Гэвч тэгсэнгүй. Э.Цэндбаатар бол дараагийн олимпод орохгүй ба удахгүй мэргэжлийн бокс руу шилжихээ мэдэгдсэн. "Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй" гэдэг дээ. Түүнд гурван жилийн дараа болох олимп сонин биш юм. Энэ хоёр тамирчны ялгаа ингэж харагдаж байна. Ийм байхад боксын холбооны шинэ тэргүүн Х.Нямбаатар “Парис-2024” олимпын ирээдүйг бус 2024 оны сонгуулиа бодож шийдвэрээ өөрчлөх шиг санагдана. Ард олны таагүй уур амьсгалыг намжаах гэсэн түүний энэ удаагийн шийдвэр Монголын спортод тун муу жишиг тогтоолоо гэж үзэж байна. Үүнээс хойш чухам хэн гэгч тамирчин ёс бус үйлдэл гаргахыг хэн ч таашгүй билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)