Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн хурал дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд болсон байна. Уг хурлаар МУГТ Э.Цэндбаатарын гомдлыг хэлэлцжээ.
Тодотговол, Э.Цэндбаатарыг ёс зүйн алдаа гаргасан учир ДАШТ-нд оролцох эрхийг нь хасах шийдвэрийг Монголын боксын холбоо гаргасан байдаг. Улмаар Э.Цэндбаатар хийсэн үйлдлээ ухамсарлан холбооноосоо ДАШТ-нд оролцуулж өгөхийг хүссэн билээ. Түүнчлэн Монголын залуучуудын холбоо батлан даалт гаргаж, 2018 хүний гарын үсэг бүхий хүсэлт ирсэн тул энэхүү асуудлыг хэлэлцсэн байна.
МУГТ Э.Цэндбаатарыг тамирчин О.Тулгаттай сорил тэмцээнд тулалдуулж, ялсан тамирчныг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах шийдвэрийг удирдах зөвлөлийн 19 гишүүнээс 10 гишүүн дэмжиж 9 гишүүн татгалзаж олонхийн саналаар сорил явуулахыг дэмжсэн байна.
Тэмцээн аравдугаар сарын гуравны өдөр Эрдэнэт хотын Хангарьд спорт ордонд болох аж.
Энэ талаар МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг "Шийдвэрийг гаргахад бидэнд хүнд байлаа. Сорил тэмцээнийг гурван минутаар гурван үе явуулах бөгөөд таван шүүгч шүүлтийг хийнэ. Жинг 60.00 кг гэсэн хатуу шүүлтээр шүүнэ. Нэг ч грамм илүү байх ёсгүй. Өрсөлдөх тамирчин О.Тулга Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа бөгөөд Москвад байгаа өөртэй нь болон багштай нь утсаар холбогдож ярилцсан. Сорил тэмцээн үзэгчгүй болно. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлнэ" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (12)