Төрийн албаны шинэчлэл, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар Ардчилсан намын ЕНБ-ийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн албаны тухай хуулиар аймаг, орон нутгийн хурлын төлөөлөгчийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ алба хаагч байж болохоор зохицуулчихсан. Шалтгаан нь аймаг, орон нутгийн хурлын төлөөлөлд чадалтай мэргэжлийн боловсон хүчин алга. Тэр хүмүүс төрийн жинхэнэ алба хаагч хашдаг. Тиймээс тэдэнд хурлын төлөөлөлд 30 хувьд нь дэвшиж болох боломж олгоё гэсэн юм.
Гэтэл эрх баригч нам олонхоороо засаглаж байгаа аймаг, орон нутгуудад энэ тоо хэтэрсэн. Хүн бүрд бялуу хувааж байгаа мэтээр албан тушаал хуваарилсан.
Улмаар 30 хувь биш 70, 80, 90 хувьд нь төрийн алба хаагчид хашиж байна гэж иргэд гомдол, мэдээлэл хүргэж байна. Энэ талаар бид Төрийн албаны зөвлөлд хандана.
Та бүхэн санаж байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн алба иргэдийн зарц байх ёстой” гэж хэлсэн. Гэвч Монголын төрийн алба бол ард түмнийх биш МАН-ын зарц болсон. Төрийн албаны ёс зүйн зарчмуудыг хуульчилъя гэсэн. Өнөөдөр Монголд цаас багадаагүй. Төрийн алба хаагчийн ёс зүйн дүрэм тийм ч муу дүрэм биш. Харамсалтай нь, хэрэгждэггүй, хэвлэсэн цаасныхаа хэмжээнд хүрэхгүй үнэ цэнгүй болж хувирсан нь хамгийн харамсалтай зүйл байгаа юм.
Төрийн алба баахан үүрэг гүйцэтгэгч дарга нараар дүүрлээ.
Хуулийн шаардлага хангадаггүй учраас үүрэг гүйцэтгэгчээр оруулдаг. Тэр нь хоноцын сэтгэлгээгээр ханддаг. Ингэж албан тушаалын хойноос хөөцөлддөг асуудал газар авлаа. Төрийн албаны шатлан дэвших байдал тодорхой шүү дээ.
Төрийн албаны зөвлөл гэж амьгүй байгууллага болсон байна. Уг нь сонгон шалгаруулалт, нөөцийн бүртгэлд байгаа хүмүүс, тэндээс хэд нь хурлын төлөөлөгч байж байгаад төрийн жинхэнэ алба хаагч болсон талаарх бүх мэдээллийг олон нийтэд ил тавьдаг байх хэрэгтэй. Энэ мэдээлэлд хяналт тавих эрхийг нь иргэдэд өгчих. Тэгэхгүй зөвхөн Төрийн албаны зөвлөлд найдсаар ийм байдалд хүрч байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)